Хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн 55 хувийг эцэг, эх, асран хамгаалагч нь үйлджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдр зохион байгууллаа.
Ерөнхий хяналтын сонсголд Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Сонсголыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт даргалсан бөгөөд тэрбээр, "Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаарх эрх зүйн шинэчлэлийн дүнд нийгмийн бүхий л орчинд хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдлаас ангид байлгах зохицуулалтыг хуулиар баталгаажуулсан. Ингэснээр манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон хэдий ч хүүхдийн эрхийг зөрчих, хүчирхийлэх тохиолдол буурахгүй байна" хэмээв. Тодруулбал 2018 онд улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдсэнээс 230 нь хүүхэд хүчирхийлсэн байжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад 39.1 хувиар өссөн үзүүлэлт аж.
Улсын хэмжээнд 18 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв 10 ажиллаж байгаа бөгөөд 2018 онд нийт 1670 хүчирхийллийн хохирогч үйлчлүүлсний 81.9 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байжээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 55 орчим хувь нь гэр бүлийн орчинд, эцэг эх, асран хамгаалагчдын хүчирхийлэлд өртсөн байна. Харин энэ оны I улирал 500 хохирогчид үйлчилснээс 435 нь хүүхэд байжээ. Тиймээс хүчирхийллийн хохирогчийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байрны хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгцээ тулгамдаж байгааг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол онцлов.
Судалгаагаар 10 хүүхэд тутмын найм нь хүчирхийлэлд өртдөг гэсэн хариулт өгснийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцлов. Судалгаанд хамрагдсан хоёр хүүхэд тутмын нэг нь амьдарч буй орчноо аюулгүй гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3 хувь нь сургуулийн орчноос (багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас), 45.3 хувь нь гэр бүлийн орчноос (өөрийн төрсөн болон хойд эцэг эх, ах эгч, хамаатан садангаас) 16.4 хувь нь бусдаас (гудамж талбайд, үзвэр үйлчилгээний газар, цахим орчинд, танихгүй хүнээс) хамгийн их айдаг гэж хариулжээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, "Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд нэн тэргүүнд олон нийтийг соён гэгээрүүлэх бөгөөд энэ нь хүмүүсийн хандлага, зан авир, биеэ авч явах байдал, үнэлэмжид нөлөөлнө. Тиймээс боловсролын бүх шатны байгууллага, олон нийтийн клуб, сүм хийд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл түгээж, нийгэмд зөв хандлага төлөвшүүлэх боломж бий" хэмээв.
Ерөнхий хяналтын сонсголд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлууд, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийсэн.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утас, “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр”, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаарх сургалт, судалгаа, мэдээллийн бие даасан төв”-ийг байгуулжээ. Мөн хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх үүрэг бүхий 32 албан хаагч бэлтгэж, 2 жилийн хугацаатай Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгон, ажиллуулж эхэлжээ. Түүнчлэн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад ахмад настнуудыг оролцуулах зорилгоор нийслэлийн 152 хороо болон 21 аймагт 194 хүүхэд хамгаалагч ажиллуулж байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэлдээ дурдсан.
Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан мэдээлэл өгөхдөө, "“Ерөнхий боловсролын сургуулиуд “Хүүхэд хамгааллын бодлого"-той болсон. Түүнчлэн “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам", “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам”-ын хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулан ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуульд нийгэм, сэтгэлзүйн хувьд хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх дүрэм, журмуудад тодорхой тусгасан хэдий ч хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй дуудлагуудын дийлэнхийг багшийн ёс зүй, үе тэнгийн хүүхдүүдийн дарамттай холбоотой мэдээлэл эзэлж байна" гэлээ.
Сонсголын төгсгөлд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол төрийн байгууллагууд Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын багт хүүхэд хамгааллын заалт оруулах саналуудаа ирэх сарын 10-ны дотор ирүүлэхийг хүссэн юм.