Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-29 14:02:24

Хэнтий /МОНЦАМЭ/ Мал хулгайлах гэмт хэргийн аймгуудын статистик мэдээг сүүлийн найман жилийн байдлаар гаргахад Хэнтий аймаг хамгийн олон буюу 1282 хэрэг гарсан үзүүлэлттэй байна. Иймд энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төр, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, иргэд, малчид, олон нийтийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, энэ ажилд татан оролцуулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болох, тулгамдсан асуудлын талаар дээд шатны байгууллагад санал хүргүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой зөвлөгөөнөөс сурвалжлага бэлтгэлээ.


Хэнтий аймгийн сумдыг Баянмөнх, Баян-Адарга, Баян-Овоо, Хэрлэн, Жаргалтхаан гэсэн таван бүсэд хуваан “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ сарын 27-ны өдөр Чингис хотод болсон зөвлөгөөнд Баянхутаг, Хэрлэн сумын төвийн багууд, Өлзийт, Тахилгат тосгоны малчид, аймаг сумдын ИТХ, ГХУСАЗСЗ-ийн гишүүд, сум, багийн Засаг дарга, Цагдаагийн газар, ХХААГ, Мал эмнэлгийн газрын албан хаагч, иргэд, “Аравтын бүлэг”-ийн дарга нар урилгаар оролцлоо.

 

Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2017, 2018 онд Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 9,8 сая төгрөг зарцуулсан бол энэ онд долоон сая төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй байна.

Цагдаагийн газрын мэдээллээр Хэнтий аймагт 2019 оны эхний 4 сард 285 гэмт хэрэг бүртгэгдэж үүнээс мал хулгайлах гэмт хэрэг 89 байгаа нь нийт хэргийн 31,2 хувийг эзэлж байна. Илрүүлэлт 36.4 хувьтай байгаа нь урд оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар буурчээ.

 

Мал хулгайлах гэмт хэрэг гаралтын шалтгаан нөхцөлийг авч үзвэл, "Малчин иргэдийн амьжиргаа дээшилж, олон тооны малтай болсон учраас хариулга маллагаа суларсан, малын им, тамга, зүсийн бүртгэл байхгүй, хулгайд малаа алдсан тухайгаа мэдээгүй байх бөгөөд мэдсэн тохиолдолд өөрсдөө эрж хайдаггүй, зүс, им тодорхой бус нь эрэн сурвалжлах ажилд хүндрэлтэй, туслах малчинтай гэрээ хийгээгүй, малчнаа зөв сонгож цагдаагийн байгууллага, багийн дарга нарт бүртгүүлээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүд мал маллаж байна" гэж мэдээллээ.

 


СУМДЫН ГХУСАЗСЗ АЖЛАА ХАНГАЛТГҮЙ ХИЙЖ БАЙНА


 

      Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газраас Сумдын ГХУСАЗ зөвлөлд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион явуулах, хяналт тавих чиглэлээр үүрэг хүргүүлсэн боловч тодорхой үр дүнтэй ажил сумдад явагдаагүй хэлбэр төдий 8 сумаас илтгэх хуудас танилцуулга ирүүлж, бусад сум нь энэ талаар ажиллаагүй буюу танилцуулаагүй байна.

      Малын гарал үүслийн бичиг багийн засаг дарга нар болон малын эмнэлгийн үйлчилгээний аж ахуйн нэгжийн эмч нар олгохдоо бүртгэлгүй, шөнө оройн цагаар, эсвэл аймгийн төвөөс олгох, харъяаллын бус сумдаас олгох, зөвхөн мөнгөн орлого олох зорилгоор олгож байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна.

      Мөн Шүүхээс мөрдөгч нарт мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний саналыг авч шалгуулахгүй байгаагаас, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өөрөөр хэлбэл нийтэд тустай ажил хийлгэж байгаа нь мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг этгээдүүд сул чөлөөтэй явах боломжийг олгож байгаа юм.

Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сараас хойших хугацаанд Хэнтий аймгийн шүүхээр 17 эрүүгийн хэрэгт нийт 25 иргэн шийтгэгдсэнээс есөн иргэнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, 11 иргэнд нийтэд тустай ажил хийлгэх, таван иргэн хорих ял авсан байна. Үүнээс үзэхэд 2018 он гарснаас хойш мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн хорих ялыг биечлэн эдлэхээр шийтгүүлсэн иргэн цөөн тооны байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа шалтгаан гэж үзэж болох юм.

 


АЛДСАН, ОЛДСОН МАЛЫН ЗАР НЭВТРҮҮЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД


 -www.jockey.mn сайт

- “Алдсан олдсон мал” FB grouр,

-МҮОНРТ-ийн Баян монгол студи “Эрэл сурал” нэвтрүүлэг,

 -“Малчин телевиз”

-“Монгол малчин мэдээллийн агентлаг”

 -“Малчин лавлах 109” мэдээллийн төвийн “mongolmalchin.mn” сайт


Цаашид энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх ажлыг идэвхжүүлэх, хил залгаа Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Төв аймаг, сумдын хэсгийн мөрдөгч, эрүүгийн мөрдөгч нартай мэдээлэл солилцох, хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, Мал эмнэлэг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээ олголт, түүний бүртгэлд хяналт шалгалтыг байнга явуулж хэвшүүлэх, “Туслах малчин”-ы судалгаа гаргаж хяналт тавих, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Хэвлэл, мэдээллийн салбартай хамтран ажиллах, мал, мах байнга хот суурин газар тээвэрлэж үйлчилгээнд явдаг тээврийн хэрэгслүүдэд наалт, таних тэмдэг хийж хяналт тавих шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа.

        

Холбоотой мэдээ