Г.Батхүүгийн амь хохирсон хэрэгт хяналт тавихыг ОУПХ-ноос хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-28 14:08:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны тэргүүн Габриела Күвас Барронтай УИХ дахь АН-ын зөвлөлийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд уулзав. Энэ үеэр АН-ын зөвлөлийн төлөөлөл Г.Батхүү агсны амь хохирсон хэрэгт хөндлөнгийн хяналт тавихыг ОУПХ-ноос хүсэв.


УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, энэхүү асуудлыг улс төртэй холбож, буруу шийдвэрт хүрэхээс болгоомжлон ийнхүү хүсэлт гаргаж буйг тайлбарлав. Тэрээр, ОУПХ-ны тэргүүн манай улсад ажиллаж байгаатай холбогдуулан өөрийн биеэр хүсэлтээ албан ёсоор өгч байгааг онцлов. 


Энэ үеэр, Г.Батхүү агсны дүү П.Батсайхан хэлэхдээ, дээд зэргийн хамгаалалттай Төрийн ордонд хүн амиа алдсан хэрэг өмнө нь гарч байгаагүйг тодотгоод, эрүүл саруул байсан ахынхаа амь хохирсон хэргийг яаралтай, үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгасан. 


Уулзалтын төгсгөлд ОУПХ-ны тэргүүн хатагтай Габриела Күвас Баррон "Хэрэг явдлыг анхааралдаа авч,  Парламентчидын хүний эрхийн хороонд холбогдох чиг үүрэг өгч, ажиллах боломжоор хангахыг хичээнэ" гэв.


Улаанбаатар хотноо ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Төрийн ордонд энэ сарын 27,28-нд болж байна. Энэхүү хуралд оролцохоор ОУПХ-ны тэргүүн Габриела Күвас Баррон манай улсад ирсэн юм.

Холбоотой мэдээ