Замын ослоор гурван хүний амь хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-27 09:50:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 516 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 374 зөрчлийг шалгажээ. 


Бүртгэсэн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 20 хүн бэртсэн бол орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.


Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 25-ны 10.50 цагт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Цамбагарав төвийн зүүн урд замд "Toyota Crown " загварын тээврийн хэрэгсэл 27-72 насны дөрвөн хүнийг мөргөж гэмтээсэн осол бүртгэгджээ. Мөн өдрийн 14.10 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хоёрдугаар баг, Нартын хошуу гэх газар засмал замд "Toyota Harrier" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 28 настай зорчигч нас барсан байна. Энэ сарын 26-ны 00.55 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар багийн "Сансай" хоолны газрын урд засмал замд загвар, улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгсэл 58 настай явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон хэрэг гарчээ. Дээрх хэргүүдийг харъяа цагдаагийн байгууллага шалгаж байна. 


Эдгээр өдөр Замын цагдаа нар 87 согтуу жолоочийг илрүүлж, хуулийн харицулага оноожээ. 


Тээврийн цагдаагийн алба хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой "Бяцхан зорчигч" аяныг улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. Нэг сарын хугацаатай үргэлжлэх тус аяны хүрээнд замын цагдаа нар хүүхдийн биед тохирсон зориулалтын хамгаалах суудал, бүс богиносгогч хэрэглэн хүүхдээ тээвэрлэх талаар иргэд, олон нийтэд зөвлөж байна.

Холбоотой мэдээ