Эмнэлгийн тогооч нар ур чадвараараа өрсөлдөж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-24 22:45:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас салбар байгууллагуудын тогооч нарын дунд ур чадварын тэмцээн зохион байгуулж байна. Тэмцээнд сумдын эрүүл мэндийн төвөөс 18 тогооч оролцож байна. 

Тэд 45 минутын хугацаанд дурын хүнсний бүтээгдэхүүн, амтлагч ашиглан эмчилгээний буюу цагаан хоолны гурван төрлийн иж бүрдэл хийх зарчмаар ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.

Энэхүү тэмцээн нь тогооч нар харилцан туршлага солилцох, хоол үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, иргэдэд эрүүл хүнсээр үйлчлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.

Тэмцээний шүүгчээр аймгийн Хүнсчдийн холбоо, Эрүүл мэндийн газар, Хөгжил политехник коллеж зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна. Шүүгчид эмчилгээний хоол үйлдвэрлэлийн анхан шатны ба дулааны боловсруулалт, таваглалт хугацаа зэргийг харгалзан оноогоор дүгнэж байна.

Эрүүл мэндийн салбар байгууллагуудын тогооч нарын ур чадварын тэмцээнийг энэ онд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тэмцээний нэгдсэн дүн хараахан гараагүй байна. 



Холбоотой мэдээ