Хуурамч хурлын тэмдэглэл үйлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-06-12 23:10:29

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт нээж буй уурхайг тойрсон асуудлын талаар уулзалт хэлэлцүүлэг боллоо.

Тус сумын Хармагтай багийн нутагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн уурхайг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд Өмнөговьчуудын дунд шуугиан тариад байсан билээ. Үүний талаар нээлттэй уулзалтыг Өмнөговь аймгийн удирдлагууд зохион байгуулсан юм.

Уг уулзалтад Номгон сумын удирдлагууд, малчид, тус сумын уугуул Улаанбаатар хот болон аймагт амьдардаг иргэд, мөн Өмнөговь аймгийн иргэд оролцлоо. Гол асуудал нь уурхайг нээх талаар нутгийн иргэдээс зөвшөөрөл аваагүй, багийн иргэдийн нийтийн хурлыг хийгээгүй гэдгийг сумын удирдлагууд болон малчид хэлж байлаа. Буурын хярын ар Булаг сүүж гэдэг газарт буй уг орд газарт "Булаг сүүж майнанг" ХХК хууль зөрчин хөрс хуулалт эхлүүлсэн гэдгийг аймгийн удирдлагууд ч хэлж байсан юм. БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий уг компани нь анхнаасаа хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж иргэд үзэж байна.

Номгон сумын уугуул иргэн Ж.Тангад хэлэхдээ "Хармагтай багийн ИНХ-ын дарга н.Туяахүү ирц бүрдээгүй хурлын тэмдэглэл үйлдэн өөрийн тамга тэмдгээ дарсан байсан. Энэхүү бичгийг бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас олж авсан" гэсэн юм. Мөн нутгийн иргэд болон зарим удирдлагууд хэлэхдээ бидний хэлээгүй үгийг хэлсэн болгож бичсэн, хэлсэн үгийг огт бичээгүй байна гэж байлаа. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ, уг уурхай нь тусгай зориулалтын замаа тавиагүй, аль боомтоор нүүрсээ гаргах нь тодорхойгүй зэрэг олон хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа эхлүүлсэн учраас цаашид үйл ажиллагааг нь явуулах боломжгүй гэсэн юм.

Холбоотой мэдээ