270 гаруй өрхөд халамж үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬБританийн Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн иргэдэд хүргэх нь” төсөл Дундговь аймгийн Сайнцагаан суманд хэрэгжиж байна. Тус сумын 270 гаруй өрх нийгмийн халамж үйлчилгээг энэхүү төслөөс хүртжээ.
Тодруулбал, төсөл хэрэгжсэн хоёр сарын хугацаанд 100 өрхөд түлээ түлш, 30 өрхөд гэрийн дулаалга, 270 өрхөд тус бүр 16 мянган төгрөгийн хүнс, зургаан иргэнд гэр өгсөн бол мөн 200 өрхөд нэмэлт хүнс олгоод байгааг аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Сампил хэллээ.
Төрөөс нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаагүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдэд Улаан загалмайн хорооны дэргэдэх Халамжийн өргөөгөөр дамжуулан халамж үйлчилгээ хүргэж, тэдний эрүүл мэнд, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх нь энэ хөтөлбөрийн зорилго бөгөөд халамж үйлчилгээг хүргэхээр улаан загалмайн сайн дурын 90 ажилтан ажиллаж байгаа ажээ.
Т. Отгонтуяа