Бат-Өлзий суманд нээлттэй шүүх хуралдааныг явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-21 18:32:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сум дахь Сум дундын шүүх, Прокурорын газраас Бат-Өлзий суманд нээлттэй шүүх хуралдааныг явууллаа. “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хуш мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн Т-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хийсэн юм.

Тус суманд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 27 гэмт хэрэг үйлдэгдсэний 12 буюу 44.4 хувь нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг байжээ. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч Т-д холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу хоёр жил, хоёр хоногийн хорих ял оногдуулсан байна.

Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө, сүх зэргийг устгах, түүний гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 24 ширхэг хуш модыг улсын орлого болгох, байгаль экологид учирсан 1.090.584  төгрөгийн хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтын дагуу үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж, 3.271.752 төгрөгөөр нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нээлттэй шүүх хуралдаанд тус сумын иргэд, төр, захиргааны алба хаагчид нийт 200 гаруй хүн оролцсон байна.

Холбоотой мэдээ