Намбарын Энхбаярт хилийн хориг тавиагүй, батлан даалтад өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-28 13:37:17

Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэрэгт албан ёсны  мэдээлэл өгч байна. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид Төрийн ордонд очиж иргэн Намбарын Энхбаярт албан бичиг өгсөн талаар буруу ташаа мэдээллийг зориудаар тарааж, олон нийтийг өдөөн хатгах оролдлого хийж байгаа тул албан ёсны үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай гэж үзсэн байна. 

Иргэн Намбарын Энхбаяр нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагийн хувьд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй юм.

Авлигатай тэмцэх газраас иргэн Намбарын Энхбаярт 2015 оны 2 дугаар сарын 26, 2016 оны 1 дүгээр сарын 18, 2016 оны 2 дугаар сарын 17, 2016 оны 2 дугаар сарын 22, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус нийт 5 удаа зарлан дуудах хуудас өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах ёстой. Иймээс Авлигатай тэмцэх газар хуулийг биелүүлэхийн тулд бололцоот арга хэмжээг авах үүднээс иргэн Намбарын Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцохыг хүссэн албан бичгийг гардуулжээ.

Харин иргэн Намбарын Энхбаярт хилийн хориг тавигдаагүй байгаа, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар иргэн Намбарын Энхбаярыг мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж, бичгээр үүрэг авсан тул албадлагын арга хэмжээ авахыг урьтал болгоогүй. Иргэн Намбарын Энхбаярт хүндэтгэлтэй хандаж байгаа. Цаашид хуулийн дагуу шат дараатай арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэсэн хариуг албан ёсоор өгсөн юм.

 Ж.Батсайхан

Холбоотой мэдээ