Аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар өглөөний уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-17 15:19:43

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн аялал жуулчлалын салбарт ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн төлөөллийг хамруулсан эртэч уулзалтыг аймгийн ЗДТГ-аас БОАЖГ, Улаангом сумын ЗДТГ-тай хамтран энэ сарын 16-нд зохион байгууллаа.  

Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, Увс аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий эртэч уулзалт өглөө 7 цагаас “Lovely кофе шоп”-т эхэлж 8 цагт өндөрлөлөө.

Өглөөний уулзалтад аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Энхтуяа, БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Нямбат, С.Анхзаяа нар салбарын мэдээлэл хийж, Улаангом сумын аялал жуулчлал, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ч.Будьханд "Аялал жуулчлалын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх нь" сэдвээр илтгэл тавьсан юм.

Мөн Германы хамтын ажиллагааны байгууллагын /GIZ/ зүгээс орон нутгийн тур оператор, хөтөч, жуулчны баазын захирлуудад зориулан зохион байгуулсан сургалт, аяллын талаар “Цэцэн тогсог” компанийн менежер Б.Базаррагчаа мэдээлэл хийсэн бол олон улсын зочид буудлууд хэрхэн ажилладаг тухай Япон улсад туршлага судлах арга хэмжээнд оролцоод ирсэн “Таван-Од” зочид буудлын менежер Ц.Нарантуяа энэ талаараа ярилаа.

Тэрчлэн “Дэглий цагаан” нисэх буудлыг олон улсын статустай болгох ажил хэрхэн үргэлжилж байгаа талаар нисэх буудлын дарга Л.Энхтуяа, аймгийн Орон нутаг судлах Музейн үзмэрээр жуулчдын сонирхлыг хэрхэн татах талаар музейн арга зүйч Э.Анхбаяр нар сонирхолтой мэдээлэл хийснээр эртэч уулзалт өндөрлөлөө.

Эртэч уулзалтын үр дүнд нэг цагийн дотор олон талын хэрэгтэй мэдээлэл солилцож, сонирхолтой яриа өрнүүлж болдгийг мэдрүүлсэн арга хэмжээ зохион байгуулсанд оролцогчдын зүгээс талархсанаа илэрхийлж байлаа.

 

Холбоотой мэдээ