Сүхбаатар аймгийн 8400 гаруй хүүхэд дархлаажуулалтад хамрагдана

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-05-15 20:16:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүр зохион байгуулдаг дархлаажуулалтын 10 хоногийн нээлт “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор өнөөдөр боллоо. Энэ жил Сүхбаатар аймгийн 10-18 насны 8400 гаруй хүүхдийг дархлаажуулалтад хамруулна.

Дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхзаяа, Эрүүл мэндийн газрын дарга Д.Эрдэнэтуяа болон Баруун-Урт сумын дөрвөн сургууль, МСҮТ-ийн сурагчдын төлөөлөл оролцлоо.

Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар дамжин халдварладаг, вакцин хийлгээгүй хүн өвдөх эрсдэлтэй. Хүндрэл, эндэгдэл өндөртэй өвчин. Үүнээс сэргийлэх хамгийн найдвартай арга нь вакцин хийлгэх юм. Сүүлийн жилүүдэд улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа улс орны тоо нэмэгдэж, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-д уг өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа нь манай улс, ялангуяа урд хөрштэй хиллэдэг манай аймагт халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг үүсгэж байгаа юм. Тиймээс вакцинд хамрагдах насны бүх хүүхдийг бүрэн хамруулахын тулд сургуулиудын захиргаа, хүүхдийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал.

Дархлаажуулалтыг 16 нэгжээр дамжуулж байнгын, түр, явуулын цэгийг байгуулж хийхээр төлөвлөсөн гэдгийг аймгийн ЭМГ-ын дарга Д.Эрдэнэтуяа хэллээ.

 

Холбоотой мэдээ