Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын “Эрдмийн баяр” болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд энэ жичээлийн жилд 19419 сурагч суралцаж байна. Үүнээс тавдугаар ангийг 1729, есдүгээр ангийг 1914 сурагч, 12 ангийг 829 сурагч тус тус төгсөж, “Эрдмийн баяр”-аа тэмдэглэв.
Улсын хэмжээнд 2007 оноос эхлэн ерөнхий боловсролын
сургуулийн нэгдүгээр ангид 6 настай хүүхдийн элсэлт авч, 12 жилийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Тэгвэл анх зургаан настайдаа сургуульд элссэн
сурагчид энэ хичээлийн жилд бүрэн дунд боловсрол эзэмшиж, улмаар сургуулиа амжилттай төгсөж байгаагаараа онцлог байлаа.
Жаргалант сумын Лаборатори нэгдүгээр сургуулийн хувьд тавдугаар ангийг 5 бүлгийн 178, есдүгээр ангийг 4 бүлгийн 119, 12 ангийг 2 бүлгийн 50 сурагч тус тус төгсөж байна. Тус сургууль ногоон байгууламжийг бий болгож, “Эко” орчин бүрдүүлэх замаар хүүхдийн сурч хөгжих орчныг сайжруулахад онцгой анхаарч ажилласан амжилтаараа манлайлж байна.
Харин Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургууль тав дахь удаагаа “Шилдэг үнэлгээтэй сургууль”-аар шалгарч, 40 бүлэгт 1130 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энэ хичээлийн жилд тус сургуулийн тавдугаар ангийг 112, есдүгээр ангийг 85, 12 ангийг 21 сурагч, нийт 200 гаруй сурагч төгсөв.
Тус сургуульд энэ онд 100 хүүхдийн дотуур байр, 210 хүүхдийн урлагийн заал, спорт цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Түүнчлэн сургуулийн хамт олон гялгар уутыг бүрэн орлох “эко” цаасан уут, тор үйлдвэрлэн гаргасан юм.