Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцинаар 22617 хүүхдийг дархлаажуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор дархлаажуулалтын арав хоногийн ажил зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Ховд
аймгийн хэмжээнд 5-18 насны 22617 хүүхдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцинаар дархлаажуулах
юм.
Тус ажилтай
холбогдуулан салбарын эрх зүйн баримт, вакцины хадгалалт,
хамгаалалт, тарих арга, хамралтын тайлан мэдээ өгөх арга зүй, дэмжлэг, хяналт хийх зарчмын талаар сургалт
зохион байгуулав.
Сургалтад 17 сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч,
вакцинатор, сургуулийн эмч нар гээд нийт 54 хүн оролцлоо.
Ховд аймагт 2015-2016 онд улаанбурхан өвчний дэгдэлт гарсан бөгөөд улаанбурхан өвчнөөр 888 иргэн, улаанууд өвчнөөр 20 иргэн өвчилсөн байна. Үүнээс улаанбурхан өвчнөөр 5 хүүхэд нас баржээ. Тиймээс аймгийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна гэж албаныхан мэдээллээ.
Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын
ажил тавдугаар сарын 15-25-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх ба ерөнхий боловсролын сургууль, сум, өрхийн эрүүл мэндийн төвд улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин хийнэ.
Тус ажилд аймгийн Эрүүл мэндийн салбар байгууллагын эмч мэргэжилтнүүдээс гадна Боловсрол
соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цэргийн анги, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газар зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.