Далайн хамгийн гүн цэгээс хуванцар хаягдал олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-05-14 17:03:47

НЬЮ-ЙОРК. /TASS/. Далайн хамгийн гүн цэг рүү ганцаар шумбаж дээд амжилт тогтоосон Америкийн судлаач Виктор Весково далайн хамгийн гүнзгий хонхор болох Челленжерийн ангалаас хуванцар хаягдал олжээ. Даваа гарагт телевизийн CNN компанийн мэдээлснээр, 53 настай судлаачаас гадна далайн гүн рүү шумбасан өөр дөрвөн хүн далайн бохирдлын ул мөр болох гялгар уут, чихрийн цаасыг харсан байна.


Виктор Весково “Limiting Factor” гүний шумбагч аппаратаар далайн хамгийн гүн цэг рүү ганцаар шумбасан анхны хүн болсныг түүний багийн гишүүн, “Five Deeps” компанийн төлөөлөгч Стефани Фицгерберт зарлажээ. Тэрбээр 10928 метрийн гүнд хүрч, өмнөх дээд амжилтыг 16 метрээр ахиулсан байна.


Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5-ны хооронд “Limiting Factor” аппаратаар Марианы хонхрын хамгийн гүн цэг болох Челленжерийн ангал руу нийтдээ дөрвөн удаа шумбажээ. Харин тавдугаар сарын 7-нд Марианы хонхроос зүүн хойд зүгт оршдог Сирены ангал руу нэг удаа шумбасан байна. Виктор Весково шумбагч аппаратаар хоёр удаа ганцаар шумбахдаа нэгд нь далайн хамгийн гүнзгий цэгт хүрчээ. 

Холбоотой мэдээ