Боловсрол, соёл урлагийн салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 13-наас эхлэн Увс аймагт ажиллаж, 2018-2019 оны Боловсрол, соёл урлагийн салбарт хийж буй хөрөнгө оруулалт, их засварын ажлын гүйцэтгэлтэй танилцаж байна.
Барилгын
ажил гүйцэтгэж байгаа компаниуд, ялангуяа орон нутгийн компаниуд сум орон
нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл гарган ажиллаж, сургууль,
цэцэрлэгийн барилгад эцэг эхийн сэтгэлээр хандаж, орчны аюулгүй байдалд давхар
анхааран, чанартай, шуурхай гүйцэтгэхийг тэд онцгойлон санууллаа. Тэрчлэн хөрөнгө
оруулалтын ажилтай танилцаад зогсохгүй, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал,
соёлын төвийн эрхлэгч нартай уулзалт хийж, багшийн ёс зүй, хүүхэд хамгаалал,
аюулгүй орчны талаар зөвлөгөө чиглэл өгч ажиллаж байна.
Өнгөрсөн онд Увс аймгийн боловсрол, соёлын салбарт 11
сургууль, хоёр цэцэрлэг, есөн дотуур байр, нэг
соёлын төвд их засвар хийсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн жил барилгын ажил
эхлээд энэ онд ашиглалтад орох барилгууд ч цөөнгүй байна. Тухайлбал, Улаангом
сумын 2-р багт 150 хүүхдийн цэцэрлэг барьж байгаа бөгөөд ажлын
гүйцэтгэл 55 хувьтай байна. Мөн Улаангом
сумын 12-р багт барьж байгаа 150 хүүхдийн цэцэрлэг 65 хувьтай, 9-р
цэцэрлэгийн 75 ортой өргөтгөл 65 хувьтай, Түргэн суманд барьж байгаа 320
хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувьтай, Цогцолбор 2-р сургуулийн
өргөтгөлийн ажил 80 хувьтай үргэлжилж байна.
2019 онд БСШУСЯ-наас 33 барилгын ажлын эрх шилжиж ирснээс
13 барилгын тендер зарлагдаад байгаа аж. Одоогоор гэрээ байгуулсан ажил байхгүй,
нэг ажилд гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэн байдалтай байна.