УЦУОШТ-ийн барилгын тендер шалгаруулалтад мониторинг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-13 12:20:23

Увс /МОНЦАМЭ/. “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын Увс аймаг дахь салбараас аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн барилгын тендер шалгаруулалтад мониторинг хийж эхлээд байна. 

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн барилгыг өнгөрсөн намар 11 дүгээр сард барьж ашиглалтад оруулсан. Гэвч уг барилга ашиглалтад ороод сар хүрэлгүй хана, булан тохой, цонхны хүрээгээр  нь чийг цохиж, хөгзөрч эхэлсэн байна. 

Зөвхөн нэг өрөө бус, бүх өрөө тасалгаа иймэрхүү байдалтайгаар энэ өвлийг давжээ. Уг барилгын ажлыг Улаанбаатар хотын “Дүрт уул” компани улсын төсвийн 1 тэрбум 230 сая төгрөгөөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Тендерийн хуулийн дагуу тус компани гурван жилийн хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг засч сайжруулах үүрэг хүлээсэн бөгөөд энэ дагуу урсгал засварын ажил хийх юм байна.

“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-аас Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Авлигагүй нийгмийн төлөө иргэдийн оролцоо-3” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа нь төрийн байгууллагын төсөв, санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой байна.

Төслийн хүрээнд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж буй өндөр өртөгтэй, асуудал дагуулсан тендерт мониторинг хийхээр төлөвлөжээ. “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-аас уг төслийг Монгол Улсын 21 аймагт байгаа салбаруудаараа дамжуулан улсын хэмжээнд нэгэн зэрэг хэрэгжүүлж байгаа аж. Увс аймгийн хувьд УЦУОШТ-ийн барилгын тендерт мониторинг хийхээр сонгогдсон байна.

 

Холбоотой мэдээ