Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-10 11:57:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 


Хуулийн төслийн ажлын баг энэ сарын 6-нд хуралдаж, төсөлтэй холбогдуулан гаргасан 11 зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэн боловсруулжээ. Тухайлбал, төслийн зарим нэр томьёог Нотариатын тухай хууль болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэхээр тусгасан байна. Мөн нотариатын ажил эрхлэгчийн насны дээд хязгаарыг 70 байхаар тогтжээ. Мөн нотариатчийн мэдээллийн цахим сан бүрдүүлэх, түүний мэдээлэл хүлээн авах, хадгалах, ашиглах болон архивын аюулгүй байдлыг хангах журам боловсруулжээ. Түүнчлэн нотариатчийн бүрдүүлсэн баримт бүхий мэдээллийн санг архивт шилжүүлэх, хадгалахтай холбоотой журмыг тус тус хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулжээ. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нотариатчийн ажилд хяналт тавих, дүгнэх, хариуцлага тооцох эрхтэй байхыг нэмж тусгасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилдэг байх аж.

Холбоотой мэдээ