Зуны цагийн хуваарьт шилжихдээ Windows үйлдлийн программыг ашиглах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭСтандартчилал хэмжил зүйн газар /СХЗГ/-аас өнөө шөнө улсын хэмжээнд зуны цагийн хуваарьт шилжихтэй холбогдуулж компьютер, утасныхаа цагийг автоматаар шилжүүлэхэд зориулсан Windows үйлдлийн систем суулгасан программыг ашиглахыг зөвлөлөө.
Зуны цагийн тоололд шилжих нь манай улсын дотооддоо хийж буй зохицуулалт бөгөөд цагийн бүс өөрчлөгдөхгүй. Харин онлайнаар ажил үйлчилгээ эрхэлдэг нисэх, төмөр замын салбар зэрэг байгууллага болон иргэдийн компьютерийн цагийг гар аргаар урагшлуулахад цагийн бүс нь нэмэгдэж харагддаг байна. Тэгвэл Microsoft корпорациас 2015 онд бүтээсэн Windows үйлдлийн систем суулгасан цагийг автоматаар шилжүүлэхэд уг зөрчил илрэхгүй бөгөөд программыг татан авч суулгаснаар онлайн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, серверүүдийн цаг автоматаар зуны цагийн тоололд шилжих гэнэ.
Дараа нь өвлийн цагийн тоолол руу шилжихэд хүндрэл үүсэхгүй аж. Тохируулгын зааврыг СХЗГ-ын www.masm.gov.mn цахим хуудасны “Таны хэрэгцээнд” булангаас үзэж болох юм. Түүнчлэн ухаалаг утасны Iphone IOS ба Android системийн тохиргоо хийх зааврыг ч тус сайтад байршуулжээ.
Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй.
Манай улсын хувьд магадгүй агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ч талтай байж болохуйц гэж судлаачид үздэг. 1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардгийг тогтоожээ. Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг байсан байна.
Э.Бат-Уянга