Малчдын дунд гар хийцийн худаг гаргах уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-07 14:52:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өвөл цас ороогүйн улмаас нэг худагт очих малын тоо толгой эрс нэмэгдэж, хамгийн багадаа 5000-7000 малыг ганц худагт усалж байсан. Энэ нь аймгийн хэмжээнд шинэ худаг усны цэг гаргах шаардлагатайг илтгэж байгаа юм. Гэвч гүн өрмийн худаг гаргах төсөв байхгүй учир малчдын дунд гар хийцийн худаг гаргах болзолт уралдааныг зарлажээ. 

Худаг ус гаргах ажлыг 2017 2018 онд орон нутгийн төсвөөр шийдвэрлэж байсан. Харин 2019 онд худаг гаргах ажилд ОНХС болон улсын төсөвт ямар ч мөнгө тусгагдаагүй. Уг нь жилдээ 4-6 гүн өрмийн худгийг яамны хөрөнгөөр гаргадаг байсан ч энэ ажлыг бас л хийгээгүй. Гэвч худаг ус шаардлагатай байгааг бид байнга уламжилж, санал хүсэлтээ хүргүүлж байна. Ер нь энэ бол ганц манай аймагт байгаа асуудал биш. Улсын хэмжээнд бүх аймаг суманд усан хангамжийн дутагдалтай байгаа асуудал бий. Бид яаманд хүсэлтээ өгсөн. Яамны зүгээс худаг ус гаргах ажлыг нэмэлт санхүүжилтын эх үүсвэрээр шийдвэрлэхээр ярилцаж байгаа. Аймаг орон нутгийн зүгээс ч бодлогоор энэ ажлыг дэмжиж байгаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар зургаан суманд худаг гаргах болзолт уралдааныг зарлаж хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ажил дээр ХХААХҮЯ-аас ч дэмжлэг үзүүлэхээр болсон. Тиймээс иргэд, малчид идэвхтэй оролцоно гэж бодож байна. Удахгүй уралдааны үр дүнг тайлагнана гэж аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох хэллээ.

Тус аймгийн хэмжээнд 560 гаруй гүн өрмийн худаг, 2000 гаруй энгийн гар хийцийн худаг бий. 

Холбоотой мэдээ