Дорнодод шинэ цахилгаан станц яаралтай барьж эхлүүлэхээ Ерөнхий сайд амлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-25 10:37:51

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймаг дахь ажлын айлчлалаа өндөрлөж, өнөөдөр өглөө Сүхбаатар аймгийг зорилоо.

Өчигдөр орой аймгийн Хөгжимт драмын театрт нутгийн иргэдтэй уулзалт хийснээр түүний Дорнод аймагт ажиллаж томилолт дууссан юм. Нутгийн хүү, Улсынхаа засгийн тэргүүнийг Дорнодчууд тал нутгийн уужуу сэтгэлээр халуунаар хүлээж авч байгаа нь уулзалтан дээр ажиглагдаж байв.

Ерөнхий сайд Шинэчлэлийн болон Шийдлийн засгийн газрын хийсэн ажлууд хийгээд засаг ямар бодлого барь хэрхэн ажиллаж буйгаа 40 орчим минут тайлагнаж тоо баримттай нь дурдлаа. Тэрээр Оюутолгой, Тавантолгой, Гацуурт, Арева хэмээх томоохон төслүүдээ хөдөлгөнө гэдгээ хэлсэн. Ингэж байж хөрөнгө босгож бид цааш явна. Мөнгөгүйгээр бид юу ч хийж чадахгүй гэж учирлана байна билээ. Дараагийн нэг сэдэв бол өр байлаа. Энэ асуудалд  Ерөнхий сайд хариулахдаа улс төр хийгээд байгаа хүмүүсийн яриад байгаа шиг бид өрөндөө баригдаад ягтаа тулчихаагүй байна. Засгийн газрын зээл 11 их наяд төгрөг байгаа. Энэ манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 58,3 хувьтай тэнцэж байгаа. Энэ аюултай зүйл биш. Бид өрөө төлж чадна. Улсын бүх өрийг нэг болгоод тэр нь ЗГ-ын өр гэж яриад ард түмнийг мунхруулаад байгаа хэмээлээ. Тэрхүү өрүүд дунд дотоодын томоохон компаниудын хувиараа зээлсэн өр ч багтаж байдаг юм байна. Одоогийн эдийн засгийн хямрал бол биднээс гэхээсээ илүү гадна эдийн засаг буюу дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ихээр унасантай шууд холбоотой гэдгийг ч тэрээр сануулсан.

Ингээд Улс эх орны хөгжилд хурд нэмэх олон зүйлийг эхлүүлж санаачилж байгаагаа ярьсныг энд нуршилгүй Дорнод аймагт чухам юу амласныг нь товчхон сийрүүлэе. 

Дорнод аймгийн ДБЭХС ТӨХК-ийн өргөтгөл болгож 100 мгбт-ийн шинэ цахилгаан станцыг концессын гэрээгээр барих ажлыг яаралттай эхлүүлнэ гэж амласан нь бидний хувьд сайхан мэдээ байлаа. Өндөрхаан Чобайлсангийн чиглэлд 220 вольтын цахилгааны шугам тавих ажил концессын гэрээгээр Аж үйлдвэрийн яаман дээр ажил хэрэг болж эхэлснийг хэлээд энэ хавар хамгийн түрүүнд Дорнод аймаг руу чиглэсэн Мянганы замыг бүрэн дуусгаж өгнө гэлээ.

Харин 21 аймагт мах боловсруулах үйлдвэр барих бөгөөд мэдээж үүний  нэг нь Дорнод аймагт баригдах нь мэдээж юм.  Дорнод аймагт 3000 мян тонн хүчин чадалтай Нефьт боловсруулах үйлдвэр барина гэсэн томоохон 5 амлалт өгсөн нь Дорнодчууд бидний хувьд биеллээ олох юм бол хөгжлийн хамгийн том түлхэх хүч болох билээ.  

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ