ОХУ-д мессенжер ашиглах шинэ журам хэрэгжиж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-05-05 13:36:12

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-д гар утасны операторуудаар дамжуулан мессенжер хэрэглэгчдийг хэн болохыг нь тодорхойлох тухай Засгийн газрын тогтоол тавдугаар сарын 5-наас хэрэгжиж эхэллээ. Одооноос эхлэн мессенжерүүдийн удирдлага шинэ хэрэглэгчийг бүртгэхдээ түүний талаарх мэдээллийг авах хүсэлтийг оператор руу илгээх ёстой бөгөөд оператор 20 минутын дотор хариу өгөх аж.


Хэрэглэгчийн мэдээлэл таарч байвал тухайн хэрэглэгч дахиж давтагдахгүй дугаар хүлээж авсныхаа дараа тухайн мессенжерийг ашиглах боломжтой болно. Уг дугаарыг операторын тусгай бүртгэлд оруулж, хэрэглэгч цахим захидал харилцаандаа ямар төрлийн үйлчилгээ ашиглаж байгааг тэмдэглэх аж. Хэрэв хэрэглэгч гэрээгээ цуцлахаар шийдвэл оператор нэг хоногийн дотор энэ талаар мессенжерт мэдэгдэх ёстой байна. Харин мессенжерийн зүгээс хэрэглэгчийн мэдээллийг дахин шалгах ёстой бөгөөд хэрэв амжилтгүй болбол ашиглах эрхийг цуцална.


Энэ тогтоол хэрэгжиж эхэлсний дараа хэрэглэгчдийн хувьд нэг их зүйл өөрчлөгдөхгүй юм. Учир нь ихэнх мессенжерүүд ашиглах зөвшөөрөл өгөхдөө хэрэглэгчийн дугаарыг шалгадаг. Харин хамгийн гол өөрчлөлт нь мессенжерүүд зөвхөн хэрэглэгчдээс мессэжээр ирсэн кодыг оруулахыг хүсэх бус операторуудтай шууд хамтран ажиллахад оршиж байгаа юм. Мессенжерүүдийг одоо хэрэглэж байгаа хүмүүс хэрэв гар утасны операторт байгаа мэдээлэл нь мессенжерийнх нь мэдээлэлтэй таарч байвал дахин шалгуулах шаардлагагүй байна.


Шинэ хуулийн дагуу ажиллахаас татгалзвал мессенжерүүдэд нэг сая хүртэл рублийн торгууль оногдуулах, ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагааг нь хаах арга хэмжээ авах аж.


 


Холбоотой мэдээ