Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-03 17:10:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.


Төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр хүлээх хариуцлага, Эмийн зөвлөлийн гишүүний шалгуурыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж хэрэглэхээр заасан байна.

Эмийн зохистой хэрэглээг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар, удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх зохицуулалт энэхүү хуулиар боловсронгуй болох юм. Энэ зохицуулалтын хүрээнд, иргэд эм гэж төөрөгдөн ойлгодог эрүүлжүүлнэ, тураана гэх мэт хэт дөвийлгөсөн сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт ч сайжрах аж.

Түүнчлэн эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрд эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эм хүлээн авах эрх зүйн орчин бүрдэнэ.


Энэхүү хуулийг батласнаар эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудал болох эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.  

Холбоотой мэдээ