Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-02 18:30:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанар, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анх хэлэлцэв.


Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, ЭЗБХ-ны анхны хэлэлцүүлгээр, нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд, хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгасныг дурдав.

Мөн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субьект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан тул Хөгжлийн бодлого  төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас батлах үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулсан байна.

Харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар ерөнхий байдлаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн, батлах журмуудыг тодорхой болгож, өөрчлөн найруулахаар тусгажээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, эл хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, ХХЗХ-ноос “ХУР” системийг нэвтрүүлж, 87 байгууллагыг цахим мэдээллийн санд холбосон. Ингэснээр төрийн үйлчилгээ шуурхай, саадгүй хүрч байгаа томоохон дэвшил гарсан.  Жилийн хугацаанд тус системээс 5.2 сая орчим мэдээллийг иргэд авсан байна. Мөн “ДАН” системээр дамжуулан 20 мянган иргэн хурууны хээгээрээ мэдээллээ авсан байна” гэдгийг хэлээд, цаашид энэ системийг 360 сумдад холбох боломж байгааг тодруулав. ХХЗХ-ны дарга Б.Чинбат, "Засгийн газрын тогтоолоор ХУР, ДАН системийн төрийн үйлчилгээний хэлбэрийг операторын горимд шилжүүлэхээр болсон. Ингэснээр бүх сум, аймаг, дүүргийн хэмжээнд ирэх 10 дугаар сараас хэрэгжих боломж бүрдсэн, бэлтгэл ажил бүрэн хангагдсан” гэлээ.


УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “ХУР, ДАН системд холбогдсон 87 байгууллагын 27 нь төрийн байгууллага байна. Өөрөөр хэлбэл, олонх нь хувийн сектор байна” гэдгийг тодотгоод , энэхүү технологийн ололтыг төрийн байгууллагад нэвтрүүлэхэд цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгааг тодруулав. Тэрээр, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангахыг мөн асуув. ХХЗХ-ны дарга Чинбат, Хур систем, дан систем, төлбөр тооцооны систем зэрэг нь байгууллага хооронд цахимаар мэдээлэл солилцох, төлбөр тооцоо хийх боломжтой. Иргэн хурууны хээгээр өөрийгөө таниулж, төлбөр төлснөөр төрийн үйлчилгээ авах боломжтой болох юм. Цаашид нэг цэгээс бүх байгууллагын үйлчилгээг авдаг болно.  Цахим аюулгүй байдлын тухай хууль боловсруулагдан өргөн баригдаж байна. Тухайн хуульд цахим халдлагатай тэмцэх үндэсний төв байгуулахаар тусгасан. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахаар, БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллагатай хамтран, программ хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтарч ажиллаж байгаа” гэлээ.  


“Хууль батлагдсанаар, нийгмийн сүлжээний “фэйсбүүк”, “твиттер”-т иргэд регистерийн дугаараар бүртгүүлдэг болно гэж ойлголоо. Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн сүлжээнд тарсан хуурамч мэдээллийг устгах, хүнийг гүтгэх, доромжлохыг хуулиар зохицуулж, эргээд хариуцлага тооцно гэж ойлгож болох уу” хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуув. ХХЗХ-ны дарга Б.Чинбат, "Хууль хэрэгжсэнээр, бүх цахим хаяг регистерийн дугаартай болно. Хариуцлагын тухайд, Мэдээллийн аюулгүй байдлын тухай, Эрүүгийн хууль, зөрчлийн хуулиар зохицуулагдана" гэдгийг хэллээ.


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Энэхүү хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, “Хуулийн өөрчлөлтөөр, нийгмийн сүлжээнд хэрэглэгчийг регистерийнх нь дугаараар бүртгэнэ гэсэн. Хэвлэл мэдээллээр, регистерээр бүртгэхгүй, утасны дугаараар бүртгэнэ гэсэн мэдээлэл яваад байна.  Энэ мэдээллийг тодруулж өгнө үү” хэмээн асуув. Мөн тэрээр, хуурамч мэдээлэл тараасан нийгмийн сүлжээний компанийг гадаадын орнуудад торгодог болсныг онцлоод, бусад орны туршлагыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодруулав. УИХ-ын гишүүн Б.Жавхлан, “Энэ хуулиар зөвхөн технологийн суурийг хангаж өгнө. Регистерийн дугаараар баталгаажсан үүрэн холбооны операторын дугаараар нийгмийн сүлжээнд нэвтрэх зохицуулалт хийсэн” хэмээн хариулав.


Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураах болсон ч хуралдааны цаг дууссан тул өнөөдрийн чуулганы хуралдааныг завсарлуулж, маргааш үргэлжлүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ