Шри Ланкад болсон халдлагын үеэр Хятадын эрдэмтэд амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-01 13:19:52

КОЛОМБО. /Xinhua/. Улаан өндөгний баярын үеэр Шри Ланкад болсон цуврал халдлагын улмаас Хятадын эрдэмтэд амиа алдсан тухай Коломбо хот дахь Хятадын Элчин сайдын яам мягмар гарагийн орой албан ёсоор мэдээлжээ.


Яамны мэдэгдэлд дурдсанаар, дөрөвдүгээр сарын дундуур судалгаа хийхээр Шри Ланкад ирсэн Хятадын Шинжлэх ухааны академийн дөрвөн эрдэмтэн амиа алдсан ажээ. Тэдний цогцсыг олж, гэр бүлийнхэнд нь таниулсан байна.


Үүний зэрэгцээ уг халдлагын үеэр Хятадын Шинжлэх ухааны академид ажилладаг таван хүн шархадсан ба тэд нэмэлт эмчилгээ хийлгэхээр хэдийнэ нутаг буцжээ. Цуврал халдлагын улмаас Хятадын хоёр иргэн амь үрэгдэж, дөрвөн иргэн амиа алдсан байж болзошгүй байгаа тухай өмнө нь мэдээлж байжээ. 


Шри Ланкад суугаа Хятадын Элчин сайдын яам террорист ажиллагааг зэмлэн буруушаагаад, амиа алдагсдын гэр бүлийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлж, тусламж дэмжлэг үзүүлсэн Шри Ланкагийн Засгийн газарт талархал илэрхийлсэн байна.


Дөрөвдүгээр сарын 21-нд Шри Ланкагийн сүмүүд, эмнэлгүүд, зочид буудлуудад үйлдсэн халдлагын улмаас 250 гаруй хүн амиа алдсан билээ. Шри Ланкагийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, амиа алдагсдын дунд гадаадын 42 иргэн байжээ. 

Холбоотой мэдээ