"Тайшир-Алтай" усан хангамжийн төсөл шангаа татлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-30 13:07:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтай хотыг ундны цэвэр усаар хангахаар Завхан голоос тус аймгийн тѳв хүртэл ус дамжуулах шугам хоолой татах, дагалдах тоног тѳхѳѳрѳмжийг суурилуулан, ус цэвэршүүлэх станцыг барих зорилгоор хэрэгжүүлж буй "Тайшир-Алтай" тѳслийн нээлт дөрөвдүгээр сарын 29-нд  болов.

Тѳслийн нээлтэд тус аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга албаны бусад хүмүүс болон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Барилга, хот байгуулалтын яамны Тѳрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилга, хот байгуулалтын яамны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Болорчулуун, Ерѳнхий гүйцэтгэгч "Ти Ар Эм" ХХК-ийн тѳслийг удирдагч Андрэй, туслан гүйцэтгэгч "Сайрам булган" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Хаш-Эрдэнэ нар оролцлоо.

Ийнхүү "Тайшир-Алтай" тѳслийг хэрэгжүүлж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усны хэрэглээг нэмэгдүүлэх уг ажлыг Барилга, хот байгуулалтын яам хариуцаж, Бүгд Найрамдах Австри Улсын "Тиролер Рохре" ХХК-тай "Зураг тѳсѳл- нийлүүлэлт-барилга угсралт"-ын ажлын гэрээ байгуулан барилгын ажил эхлэхэд бэлэн болж байгаа юм.

Уг тѳсѳл нь гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэд оруулан хүн ам, аж үйлдвэр, фермерийн усан хангамжийг шийдвэрлэхээс гадна Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нѳѳцийн баталгаат эх үүсвэртэй болох, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн нѳхцѳлийг сайжруулах зэрэг онцгой ач холбогдолтой юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд "Тайшир Алтай ус хангамж" төслийг 14 сая еврогийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу хоёр жилийн хугацаанд хэрэгжиж, Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52 км шугам хоолойгоор дамжуулан тус аймгийн төв Есөнбулаг суманд хүргэж хүн амыг ундны усны стандартад нийцсэн усаар хангах юм.

Холбоотой мэдээ