Д.Дамба-Очир: Нарийнсухайтын 800 сая тонн нүүрсийг ашиглах төмөр зам хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-25 17:55:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар УИХ-ын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Засгийн газрын хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр нүүрсний экспорт жилд 18-20 сая тонн хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолд “Нарийнсухайт-Шивээхүрэн” гэж нэмэх тогтоолын  төсөл боловсруулан өргөн мэдүүлжээ.


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Нарийнсухайтын орд газар 800 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар нийт хүчин чадал нь жилд 33.5 сая тонн гэж тогтоогдсон. Энэ ордод 2015 оны байдлаар нийт ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 16 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 компани нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж.

Нарийнсухайтын орд газраас Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийн Сэхэ боомт хүрдэг хүнд даацын авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал жилд 10-12 сая тонн бөгөөд өнгөрсөн онд тус боомтоор нийт 11.9 сая тонн нүүрс экспортолж, гаалийн мэдүүлгийн дүнгээр 310.9 сая ам.долларын орлого олсон байна. Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас шалтгаалан нүүрсний экспортын өнөөгийн түвшнийг нэмэгдүүлэх боломжгүй байгаа төдийгүй тээврийн зардал, логистикийн олон шат дамжлагаас шалтгаалж уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнээр борлуулагдаж байгааг ХНХ-ийн сайд С.Чинзориг танилцуулав.

Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж экспортлох шинэ гарц нээгдэж, манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжирна хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан хэрнээ өнөөдрийг хүртэл нэг ч төмөр зам баригдаагүй. Олон төмөр замын төслүүд гацсан. Саяхан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барина гэсэн больчихсон юм уу. Гэнэтхэн Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 13 км  төмөр зам барина гээд оруулаад ирлээ. Өнөөдөр Засгийн газрын нэг ч гишүүд нь алга" гэлээ. Мөн тэрээр,эдийн засагт чухал үр нөлөөтэй төмөр замын ажлыг эхлүүлэх хэрэгтэйг онцлоод, төмөр замтай холбоотой Засгийн газрын 64-р тогтоолыг цогцоор нь хэлэлцэхийг хүсэв. Тиймээс хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн ч гишүүд дэмжсэнгүй.


УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, "Нарийнсухайтын орд 800 сая тонн нүүрсний нөөцтэй. Жилдээ 33 сая тонн нүүрс гарах боломжтой. Үүнийгээ зайлшгүй ашиглах шаардлагатай тул төмөр зам барих хэрэгтэй. Нүүрсний экспортыг сайжруулах чухал ач холбогдолтой стратегийн тогтоол юм. Бусад төмөр замын ажил явдгаараа явна. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэл олон жил яригдаж байгаа. Дээрх чиглэлд 12 компани нүүрсээ Хятад руу гаргадаг. Тэдгээр компаниуд МТЗ-тай хамтраад төмөр зам барих санхүүжилт босгохоор болсон. Дан ганц Гашуунсухайтын чиглэлээр нүүрсээ гаргахад тодорхой хүндрэлүүд гарч эхэлсэн” гэв.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү,
Д.Эрдэнэбаттай зарим тал дээр санал нэг байгаагаа илэрхийлж, Төмөр замын асуудлаа нэг талд гаргаж шийдэх хэрэгтэйг хэлэв. Тэрбээр, “Монгол Улсад ашигтай бүтээн байгуулалтыг дэмжинэ. Цэргүүд барих, ажилгүйчүүд барих асуудлыг бодолцох хэрэгтэй. Ажилгүйчүүдийн анги үүссэн байна. Тэднийг төмөр зам барих ажилд оролцуулж, тус бүр гурав, дөрвөн сая төгрөгийн цалин өгөх хэрэгтэй. Цэргүүдийг ажиллуулсан ч адил хэмжээний мөнгийг өгөх хэрэгтэй” гэв.


Ийнхүү дээрх тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн 63.3 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ