Завханы шилдгийн шилдэг эмчид 10 сая төгрөг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-22 22:43:58

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг “Сайн эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд шилдэг эмч нараа тодруулан шагнаж урамшуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд Завханы шилдгийн шилдэг эмчээр Монгол Улсын хүний гавьяат эмч Урианхайн Оргил тодорч 10 сая төгрөгөөр шагнуулжээ.

Завханы Засаг даргын санаачилгаар хүнийхээ хөгжилд чиглэсэн таван “Сайн” дэд хөтөлбөр боловсруулан баталж, амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн эмч” дэд хөтөлбөр билээ. 

Тус хөтөлбөрийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, багаж, тоног төхөөрөмжөө шинэчлэх, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эмчилгээ үйлчилгээгээ сайжруулах зорилт тавин ажиллаж олон ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Сарын турш үргэлжилсэн Завханы шилдэг эмч, эмнэлгийн ажилтны шалгаруулалтыг эхлээд хамт олны санал, цахим санал асуулга, хэрэглэгчийн үнэлгээ гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулж “Эрүүл мэндийн үйлчилгээний шилдэг ажилтан”, “Шилдэг сувилагч, тусгай мэргэжилтэн”, “Шилдэг багийн эмч” “Шилдэг эмч, эм зүйч”, “Шилдгийн шилдэг эмч” номинациудаар шалгаруулж урамшуулжээ. Ийнхүү сарын турш үргэлжилсэн санал асуулга өндөрлөж аймгийн хэмжээнд шилдэг 30 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тус бүр 300 мянган төгрөгөөр, есөн эмч, эмнэлгийн мэргэжилтэн тус бүр нэг сая төгрөгөөр шагнуулсан бол “Шилдгийн шилдэг эмч”-ийг 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ. 

Холбоотой мэдээ