Шри Ланкад болсон халдлагыг дэлхийн удирдагчид зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-22 12:18:05

КОЛОМБО. /NHK/. Өнгөрсөн ням гарагт Шри Ланка улсад болсон террорист халдлагуудыг дэлхийн удирдагчид зэмлэн буруушааж, амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлсэн байна.


Шри Ланка улсын Гадаад хэргийн сайд Тилак Марапанад илгээсэн Японы Гадаад хэргийн сайд Таро Коногийн захидалд, Япон улсын ард түмэн амиа алдсан хүмүүсийн төлөө залбирах болно хэмээгээд, тэдгээрийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлж байна хэмээн тэмдэглэжээ.


Шри Ланка улсын сүмүүд болон зочид буудлуудад гарсан халдлагыг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй аймшигтай хэмээн тэмдэглээд, дахин ийм явдал гаргахгүйн төлөө нэгдэхийг олон нийтэд уриалсан байна.


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Твиттер” хуудсаараа дамжуулан, Шри Ланкад гарсан аймшигт дэлбэрэлтүүдийг хүчтэй зэмлэн буруушаагаад, энэ төрлийн зэрлэг балмад явдал хаана ч гарах ёсгүйг онцолжээ.


Шри Ланкагийн ард түмний төлөө АНУ-ын ард иргэд гүнээ эмгэнэж буйг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлээд, АНУ тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгджээ. 

Холбоотой мэдээ