“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 28 мянган хүн оролцжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-21 09:27:52

МОСКВА. /РИА Новости/. Францад өнгөрсөн бямба гарагт болсон “Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 28 мянга орчим хүн оролцсоноос Парис хотод болсон жагсаал цуглаанд 9 мянган хүн оролцсон байна. Энэ тухай телевизийн “CNEWS” суваг Францын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнийг иш татан мэдээлжээ.


Энэ удаагийн жагсаал цуглаанд нийт 27.9 мянган хүн оролцсон бол өнгөрсөн удаагийнхд 31 мянга орчим хүн оролцсон юм. Цагдаагийн газрын мэдээлснээр, жагсаал цуглааны үеэр 227 хүнийг баривчлан саатуулжээ. Францын Дотоод хэргийн яамнаас хожим нь мэдээлснээр, бямба гарагт болсон “Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглааны үеэр хууль сахиулах байгууллагын 14 ажилтан бэртсэн байна.


Татвар болон шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн “Шар хантаазатнууд”-ын томоохон хэмжээний жагсаал цуглаан өнгөрсөн 11 дүгээр сарын дундуур эхэлсэн юм. Францын удирдлага нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс улс даяар жагсаал цуглаан хийсээр байгаа юм.  

Холбоотой мэдээ