Мэтгэлцээний төгсгөлд В.Зеленский, П.Порошенко нар гар барилцсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-20 11:37:14

КИЕВ. /TASS/. Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Петр Порошенко болон Владимир Зеленский нарын мэтгэлцээн Киев хотын “Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн баасан гарагийн орой болжээ. 60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болох мэтгэлцээний үеэр 10 мянган цагдаагийн ажилтанг хамгаалалтад дайчлах төлөвтэй байгаа тухай зохион байгуулагчдын зүгээс өмнө нь мэдэгдэж байсан аж. 


Украины Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, нэр дэвшигчдийн мэтгэлцээнд 22 мянган хүн хүрэлцэн ирсэн байна. Мэтгэлцээн эхлэхийн өмнө нэр дэвшигчид гар барилцжээ.


Мэтгэлцээнийг “Ард түмний зарц” намаас нэр дэвшигч В.Зеленский эхлүүлжээ. Тэрбээр мэтгэлцээнийг үзэхээр хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлсэн байна. Мэтгэлцээний үеэр В.Зеленский Ерөнхийлөгч Петр Порошенкод саналаа өгч байсан тухайгаа мэдэгдсэн байна.


“2014 онд одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенкод саналаа өгч байсан хэдий ч алдаж байжээ. Би бол улс төрч биш. Энэ системийг өөрчлөхийг хүссэн энгийн нэг хүн. Таны өгсөн амлалт, хийсэн алдааны үр дүн нь би байна” хэмээн В.Зеленский ярьсан байна. Түүнчлэн өөрийн багийн зарчмуудыг нэрлэж, Донбасс дахь дайныг төгсгөхийн тулд чадах бүхнээ хийхээ В.Зеленский мэдэгджээ.


Мэтгэлцээн төрийн сүлд дуугаар өндөрлөж, оролцогчид гар барилцаагүй байна.


4 дүгээр сарын 21-нд болох Украины ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд тус улсын одоогийн төрийн тэргүүн Петр Порошенко болон “Ард түмний зарц” намаас нэр дэвшигч В.Зеленский нар оролцох юм. "Рейтинг" судалгааны албаны Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болохын өмнө явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, оролцогчдын 24 хувь нь П.Порошенкогийн төлөө саналаа өгөхөд бэлэн буйгаа мэдэгдсэн бол 61 хувь нь В.Зеленскийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.  

Холбоотой мэдээ