Х.Дашзэвэг: Орон нутагт тулгамдсан олон асуудлын хажуугаар тойрох эрх бидэнд алга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 16:27:22

Увс аймгийн МАН-ын хорооноос ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа талаар дэд дарга Х.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Аймгийн МАН-ын хороогоор сонин сайхан юу байна?

-Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр манай нам цөөнх болсон хэдий ч  аймаг, орон нутагт тулгамдсан олон асуудлын хажуугаар тойрох эрх бидэнд алга. Тиймээс бид өнөөгийн нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх орон нутгийн бодлого, тэр дундаа хүний хөгжил, өрх гэр бүлийн эдийн засгийг сайжруулах хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Үүнийг хийхдээ нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, хууль эрх зүй гээд олон салбарын стратегүүдэд дүн шинжилгээ хийх хэрэг тулгарч байна.

-Сүүлийн үед залуучууд нам руу хошуурах болжээ. Нам бус байж болохгүй байгаагийн учир юунд байна?

-Өнөөдөр хэн нэгэн аавын хүү, ээжийн охин эзэмшсэн мэргэжил, эрдмийн зэрэг цолоороо ажилд томилогдож чадахгүй тийм л  шударга бус нийгэм бий болчихсон. Энэ зүйлийг дэвэргэж, нийгэм дэх хил хязгаарыг нь алдагдуулсан нөхдүүд бол яах аргагүй Ардчилсан намынхан гэж боддог. Сүүлийн 4 жилд намчирхал туйлдаа хүрч туршлагатай, мэдлэг чадвартай хүмүүсийг ажлаас халж, туршлагагүй, мэдлэг боловсрол нимгэн хүмүүсийг төрийн албанд байршуулж эхэлсэн. Энэ үйлдлүүд нь өнөөдрийн  хүн амын дунд үүсээд байгаа асуудлуудын хариулт гэж  бодож байна.

   Дээрх намчирхал нь ард иргэдийг талцуулж, залуу үеийг ирээдүйдээ итгэх итгэлгүй болгож байгаа. Өнөөгийн залуус төрийн алба хаших нь амьдралын баталгаа биш юм байна гэсэн айдастай болчихлоо. Намчирхал нь Монгол Улсад, Монгол хүнд аль алинд нь ашиггүй зүйл гэдгийг бүх хүн мэдэрч байна. Тиймээс нийгэм дэх энэ гаж тогтолцоог засах боломжийг эрэлхийлж зуу зуун залуус Монгол ардын нам руу элсэн орсоор байна.

-АН, МАН хоёрт нэг их ялгаа байхгүй юм биш үү. Ардын намын үед ч гэсэн намчирхал, нам руу хошуурах явдал байсан шүү дээ?

-Энэ хоёр намыг ялгаатай байна уу, ялгаагүй байна уу гэдгийг хүн бүр харж, ойлгосон байх. Хоёр нам ялгаагүй гэдэг үг бол зүгээр л жижиг намуудын гаргаж буй цуу яриа. Харин аль нам нь улс орны бодлого чиглэлийг тодорхойлж, эрх барьж байхад ард иргэдийн амьдрал ямар байдалтай болдог билээ? гэдэг асуултын дор ялгаа нь тод харагдах байх.

Би МАН-ыг айлын том хүүхэд гэж төсөөлдөг. Айлын том хүүхэд үг сайн даадаг, ажлын ихийг нугалдаг, гэр орноо цэвэрлэж, дүү нараа асардаг, дуу цөөтэй байдаг. Харин АН-ыг айлын бага хүүхэд гэж боддог. Аливаа зүйлийг хийчихээд магтуулах дуртай, үүнийхээ хэрээр шүүмжлэлд эмзэг, биеэ өмөөрч хамгаалдаг гэх мэт.

Монгол Ардын Нам бол хийснээ хүнд сурталчилж реклам шоу хийдэггүй. Тухайлбал, аймгийн төвд баригдсан ихэнх барилгыг  2008-2012 онд МАН эрх барьж байхдаа барьсан. Захаас нь дурьдвал Нийгмийн даатгал, Хөдөлмөрийн хэлтэс, Шүүх прокурор, Иргэний бүртгэл, Спортын ордон, Мэргэжлийн хяналт, Газрын алба, Нисэх, Эрүүл мэндийн газар, Халамж, Төрөх гээд үргэлжлүүлээд дурьдаад байж болно. Гэтэл одоогийн эрх баригчид Улаангомд нэг цэцэрлэг босгосон билүү. Энэ нөхдүүд МАН-ын босгосон тохилог, дулаахан өрөө тасалгаануудад туйлж байгаагаа мэдэхгүй байна.

Үүнээс гадна үзэл баримтлалын томоохон ялгаанууд байгааг та бүхэн мэдэж байгаа. Манай намыг халамж тараадаг гэдэг. Бид халамжаа ч өгсөн, бүтээн байгуулалтаа ч хийсэн.

-Орон нутгийн эрх баригчдын үйл ажиллагааны талаар ямар бодолтой байдаг вэ?

-Эрх барьж байгаа нөхдүүдийн хийсэн зүйлийг ард түмэн амьдралд наалдахгүй байна гэсээр байхад хүчээр сайн гэж хэлүүлэхээр аашилж байна. Ард түмний үг ямагт үнэн байдаг.

Хүмүүс цагийн сайнд цалингаа аваад наргидаг байсан байх. Өнөөдөр цалин буулаа гээд  хөргөгчөө баярлуулж байгаа айл өрх, албан хаагчид хэр их байна? Сүүлийн гурван жилд манай аймгийн гурван хүн тутмын хоёр нь амьдрал ахуй дордсон гэж үзэж байна лээ. Энд хэн буруутай юм. Аймгийн удирдлагууд тайлбарлахдаа эгэл жирийн ядарсан иргэдийг буруутгах өнгө аястайгаар ундаа уухаа боль, хоёр биш нэг аяга ус ууцгаа гэх ухааны юм ярьж байна лээ. Иргэд хэдэн аяга ус уухаа энэ хэдээр заалгуулахгүй шүү дээ.

   Бидний татварын мөнгөөр тансаг машин хөлөглөж, өндөр цалин авч, дулаан өрөөнд сууж байгаагийнхаа төлөө хийнэ гэж хэлж, бичиж байсан зүйлээ энэ нөхдүүд хийх үүрэгтэй. Төрийн албан хаагчдын дунд дарамт шахалт маш их ажиглагдаж байна. Тэд фасебүүк хаягнаасаа сэтгэгдэл бичиж, лайк дарж болохгүй болчихоод байна. Дарангуйлал, эрх мэдлийн бөөгнөрөл байгаа газар амьгүй албатууд байдаг гэж үг байдаг. Өнөөдөр сум, агентлагуудын дарга нар, албан байгууллага, сургууль цэцэрлэгийн эрхлэгчид байгууллагадаа өөрийн эрх мэдлийн хүрээнд хүн ажилд  авч чадаж байна уу? Энэ бүхэн эргэлзээтэй байна.

   Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар  “Хүнийг аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө болон гишүүнийх нь  хувьд ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэсэн байдаг. Тэгвэл өнөөдөр хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдлэж чадаж байна уу?, Цалин, орон сууцны зээлтэй олон хүнийг ажлаас халж, чөлөөлж байгаа нь ардчилсан, хүнлэг энэрэнгүй нийгэмд нийцэх үү?  гэж аймгийн удирдлагуудаас асуумаар байна.

   Аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө хийнэ, бүтээнэ гэж тусгасан зүйлүүдээ биелүүлэх ёстой. Гэтэл одоо хүртэл хийгээгүй ажлууд их байна.

-Аймгийн Засаг даргын хэлээд байгаа сэтгэлгээний хямралын талаар юу гэж бодож байна?

-Улс орон эдийн засгийн хямралд орсон гэдгийг аль хэдийнээ хүн бүр хүлээн зөвшөөрсөн   байхад манай аймгийн Засаг дарга эдийн засгийн бус сэтгэлгээний хямрал нүүрлээд байна гээд байх юм.

   Тэр сэтгэлгээний хямрал гэдэг зүйлд бусдын дэмжлэг гарцаагүй шаардлагатай ядарсан ард иргэд орохгүй, харин задарсан дарга нар л ордог байх. Алтан загасны үлгэрийн эмгэн бол сэтгэлгээний хямралын тод жишээ. Аймгийн хурал хоёр жийптэй, Засаг дарга, орлогч, Тамгын дарга нар тус бүр нэг жийптэй байхад хөдөө багийн эмч нар яаралтай дуудлаганд явах унаагүй байна. Энэ бол  сэтгэлгээний хямралын бодит жишээ. Хүний мууг хайх гэсэнгүй өнөөдрийн бодит байдал ийм байна. Нөгөө төсвийн мөнгөөр тансаглахгүй гэсэн нь хаана байна.

-Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүний хувьд энэ салбарын ажил үйлчилгээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Би ажиллаж байсан салбар, хамт олноо доош нь хийхийг хүсэхгүй байна. Цалин урамшуулал бага ч гэсэн өдөр шөнөгүй зүтгэж байгаа албан хаагчдын талаар яриад ч хэрэггүй байх.

 Гэхдээ бодит үнэнтэй нийцүүлээд бодлогын чанартай хэлэх хэдэн зүйл байна. Тухайлбал, зөвхөн Монгол Улс төдийгүй, дэлхий нийтээрээ өвчилсөн хойноо бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн асуудлыг гол бодлогоо болгож байхад манайд эсрэгээрээ байна. Саяхан “Сүү” гэдэг хөтөлбөр гаргасан байна лээ. Учир мэддэг хүний хувьд онигоо болохоор зүйл байсан. Тэгээд зогсохгүй хөдөө сумдад байгаа нийгмийн эрүүл мэндийн  ажилтнуудын орон тоог танаж, ажил хавсруулах тухай яригдаж байгаа.

   Дээр нь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан аймгийн төвд Нэгдсэн эмнэлэг, 150-иас доошгүй суудалтай фитнес клуб, нэг ээлжээр 50 хүн орох усан бассейн шинээр барьж ашиглалтанд оруулах, “Эрүүл Улаангом” хөтөлбөр боловсруулах, 20 ортой эхчүүдийн амрах байр барих, уламжлалт сэргээн засах эмчилгээний төвүүдийг байгуулах, Чандманьд эмнэлэг барих ажлууд хийгдээгүй хэвээр байна. Өрхийн эмнэлгүүдийг өргөтгөх, хөдөө сумд руу чиглэсэн зарим ажлуудын хэрэгжилт ч хангалтгүй хэвээр байна. Хавдар, осол гэмтэл, хүүхдийн өвчлөл гээд шийдлээ хүлээсэн томоохон асуудлууд байсаар л байна.

   Эрүүл мэндийн салбарын талаар асуусан болохоор хэлж байгаа юм шүү. Түүнээс биш боловсролын салбарт гэхэд багшийн хөгжлийн ордон, хүүхдийн ордон, цэцэрлэгүүд барих гээд хийгдээгүй ажлууд их бий.

-Увс аймгийн хөгжил юунаас эхлэх вэ?

-“Хүүхэд хүмүүжилгүй байснаас мөнгөгүй байсан нь дээр” гэж манай ээж байнга хэлдэг юм. Би үүнийг зөв гэж боддог. Бид хэдий чинээ хүмүүжилтэй, боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай байна төдий чинээ аймгийнхаа хөгжилд хувь нэмэрээ оруулж чадна. Увс аймгийг Сүхбаатар, Ховд аймгийнхан, аль эсвэл нэг Герман, Хятад хүн ирж хөгжүүлж өгөхийг хүлээгээд бид зүгээр суугаад байж болохгүй. Увс аймгийн хөгжил Увсын хүний хөгжил, эдийн засгийн бие даасан хараат бус байдлаас эхлэнэ.

-Улс төрч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Би өнөөдөр улс төрч болоогүй байна. Бидэнд хичээл зааж байсан багш нар хэлэхдээ сайн улс төрч гэж байдаггүй, сайн намтартай улс төрч гэж байдаг гэж хэлдэг байсан. Бас хүний мууг үзэж, улыг шагайж дээшилсэн улс төрчийн зам богино байдаг гэдэгсэн. Улс төрийн намууд, дэлхий нийтээрээ үзэл баримтлалаараа өрсөлдөх бус, дэвшүүлж буй бодлого, боловсруулсан хөтөлбөрөөрөө өрсөлдөх цаг үе ирсэн байна.

Тиймээс улс төрчид элдэв цуу яриа гэхээсээ илүү нотолгоонд тулгуурласан судлаачид байвал үнэнд ойртох байх гэж боддог. Тиймээс энэ бүхнийг намынхаа туршлагатай улс төрчдөөс суралцах гээд л явж байна даа.

-Сүүлчийн хоромыг танд үлдээе?

-Увс нутгийн зон олны маань ажил төрөл нь өөдрөг, бүтэмжтэй байх болтугай.

-Танд баярлалаа.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ