АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-19 14:20:17

ВАШИНГТОН. /RIA Novosti/. “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон” гэх хэргийг шалгасан тусгай прокурор Роберт Мюллерын тайлангийн хянан зассан хувилбарыг АНУ-ын Хууль зүйн яам цахим хуудсандаа нийтэлжээ.


Уг тайлан 448 хуудастай бөгөөд бүлгүүдэд хуваагдана. Удиртгал хэсэгт Мюллерын мөрдөн шалгах ажлын явцын талаар дурджээ. Тайлан “ОХУ-ын хакердах болон демпингийн ажиллагаа”, “Оросын Засгийн газар болон Трампын сонгуулийн штаб хоорондын холбоо, харилцаа”, “Майкл Кэон эсвэл нэр дэвшигч Трампын ОХУ-д хийсэн айлчлалын тухай хэлэлцүүлэг” хэмээх гарчигтай бүлгүүдтэй байна. Мөн нийгмийн сүлжээнүүдэд явуулсан Оросын кампанит ажлын тухай бүлэг байгаа аж.


Түүнчлэн “WikiLeaks” цахим хуудсын тухай, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн штабын дарга асан Пол Манафортын талаарх, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинний Трампын зөвлөх Жаред Кушнер болон ОХУ-аас АНУ-д сууж байсан Элчин сайд Сергей Кисляктай хийсэн уулзалтын тухай бүлгүүд байгаа аж.


АНУ-ын Ерөнхий прокурор Ричард Барр урьд нь хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Мюллерын мөрдөн шалгах ажлын гол дүгнэлтийн талаар мэдээлэл өгсөн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны сонгуулийн үеэр ОХУ-ын эрх баригчидтай хуйвалдаагүй гэдгийг тэрбээр нотлон мэдэгдсэн юм.


2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг Мюллер 2017 оны тавдугаар сараас шалгаж эхэлжээ. Үүнээс гадна, Дональд Трамп болон түүний сонгуулийн штаб Оросын эрх баригчидтай "хуйвалдсан" эсэхийг, мөн мөрдөн шалгах энэ ажилд Трамп саад болсон эсэхийг шалгасан байна. 

Холбоотой мэдээ