Ё.Баатарбилэг: Оюутны кампус байгуулах ажлыг судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-12 17:19:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар, УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас Ерөнхий сайдад хандсан Боловсролын салбарт төрөөс авч хэрэгжүүлсэн бодлогын талаарх асуулгын хариултыг танилцуулав.


Асуулгад төрөөс боловсролын сургалтын чанарыг сайжруулах, олон улсын жишигт хүргэхэд авсан арга хэмжээ, Оюутныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний цогцолбор байгуулахад хэрэгжүүлж буй бодлого, Хөдөлмөрийн зах зээлд нийцүүлэн оюутан элсүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа эсэхийг асуусан байна. Асуулгын хариуг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулсан юм.


Засгийн газар шинээр байгуулагдсанаас хойш /2017 оны 10 сар/ сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлогыг тууштай баримталж байна. Их, дээд сургуулийн тоо хамгийн оргил үедээ 2004-2005 оны хичээлийн жилд 184 хүрч байсан бол 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 96-д хүрсэн байна. Төрийн бус өмчийн 18 дээд боловсролын сургалтын байгууллагад хяналт, шинжилгээ-үнэлгээ хийснээс 6 сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарган, 4 сургууль бусад сургуультай нэгдэж, 4 сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгөөд байгааг Ё.Баатарбилэг сайд танилцуулгадаа дурдсан. 


Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар (АРАСС, АСВ5Р, А\А/Е\/УРР, А5ИМ) нийт 15 сургуулийн 19 сургалтын хөтөлбөр магалдан итгэмжлэгдээд байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл өөрөө олон улсад магадлуулах, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бэлтгэлээ хангаж эхэлсэн. Олон улсын жишигт нийцүүлэх хөтөлбөрийг чанаржуулах үүднээс “Ижилсэх түншлэл” хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцсэн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага, үйл ажиллагааны журамтай болж чадлаа гэдгийг мөн онцлов.


Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого /2024/, Инчоны тунхаглалд заасны дагуу төгсөгчдийг өөрөө өөртөө ажлын байр бий болгох ур чадвартай болгож төгсгөх нь чухал байна. Үүний тулд ахлах курсийн хичээлийн агуулга, хөтөлбөрт бизнес төлөвлөлт, аж ахуй эрхлэх ур чадварын хичээлүүдийг оруулахаар ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж боловсролын түвшин бүрт эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох “Мэргэжлийн үндэсний хүрээ” боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, төгсөгчдийн чанар, ур чадвар, үр дүнг сайжруулахын тулд сургуулийн хөтөлбөрийн хороонд ажил олгогчдын төлөөллийг оролцуулдаг жишиг тогтоод байна. Дээд боловсролтой бүртгэлтэй ажилгүйчүүдийн тухай мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос тогтмол авч байгаа талаараа  танилцуулганд дурдав. 


Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Оюутнуудын 17 хувь нь инженер мэргэжлээр суралцаж байгаа статистик мэдээллийг дурдаад, их, дээд сургуулийг салбар, салбараар нь нэгтгээд дэргэд нь эрдэм шинжилгээний парк барих боломж байгааг асуув. Мөн ЕБС-д онц сурсан хүүхдийг сургалтын төлбөрөөс чөлөөлөх, Томоохон үйлдвэрүүд дэргэдээ МСҮТ-тэй болох зэргээр бодлогын өөрчлөлт оруулах боломж байгаа эсэхийг БСШУС-ын сайдаас тодрууллаа.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, МСҮТ-ийн суралцагчдын дийлэнх нь төгсөөд ажлын байртай болж байна. Гэтэл их, дээд сургууль төгссөн хүмүүсийн 30 хувь л ажлын байртай болж байгааг онцлоод, МСҮТ-ийг бодлогоор дэмжих нь зүйтэйг онцлов. Тэрбээр, "Компани, ААН-д түшиглэж байгаа МСҮТ-үүд байгаа. Тухайлбал, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх МСҮТ бий. Ингэж хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах таны саналтай нэг байна. Бүх онц сурсан хүүхдийн сургалтын төлбөрийг чөлөөлөх боломж манай улсад хараахан байхгүй. Гэхдээ 2014 оноос хойш МУБИС-д багш мэргэжлээр элсэж байгаа хүүхдийн ЭЕШ-ийн онооны шатлалаас хамаараад сургалтын төлбөрөөс нь хөнгөлж байгаа. Төрийн өмчийн 17 сургууль нийслэлийн А бүсэд байдаг тул бөглөрөл их. Тиймээс гадаадын хөгжингүй орны жишгээр оюутны кампус, эрдэм шинжилгээ, спортын цогцолбор, нэгдсэн номын сантай болгомоор байгаа юм. Тиймээс хэдий хэмжээний байр хэрэгтэй вэ, хэдэн багшийн орон сууц, нийтийн байр барих талаар судалгаа авсан. Энэ тал дээр нарийн төлөвлөж, Барилга хот байгуулалтын яам болон мэргэжлийн байгууллагатай хамтран хотхоны зохион байгуулалтаар оюутны кампус барих дараагийн шатны ажилд ороод ажиллаж байна” гэв


БСШУСЯ-ны дэргэдэх Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргал, “Яамнаас их дээд сургуулиудыг нэгтгэж шинжлэх ухааны парк, кампус чиглэлээр хөгжүүлэхэд 18 их наяд төгрөг шаардлагатай судалгаа гаргасан. Үргэлжлүүлэн эдийн засгийн судалгаа тооцоо хийж байна” гэв. Мөн, үр дүнд суурилсан боловсролын мөшгих тогтолцоог хэрэгжүүлж эхэлснийг дурдав.


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, чанаргүй боловсрол олгож байгаа гэх сургуулиудыг хугацаа заагаад коллеж болгох санал гаргав. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 93 хувь нь нийслэлд суралцаж байгааг дурдаад, хотын төвлөрлийг сааруулахад орон нутгийн дээд боловсролын байгууллагыг хөгжүүлэх, чадавхжуулах саналыг дэвшүүлэв.


Гишүүдээс 3 сая хүн амтай харьцуулахад их дээд сургуулийн тоо  96  байгаа нь их гэдгийг анхааруулахын зэрэгцээ энэ тоог цөөлөх, сургалтын чанарыг сайжруулах, төрөлжүүлэх шаардлагатай байна гэж байлаа.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Хувийн их, дээд сургуулиуд төрийн ачааллыг тодорхой хувиар бууруулж байгааг хэлээд, БҮТ-өөс судалгаа хийж, Адистатчилал явуулахаар төлөвлөснийг тэмдэглэв. Тэрбээр, “Чанаргүй гээд байгаа хувийн их, дээд сургуульд БҮТ-өөс судалгаа хийсэн. Удахгүй адилстатчилал явна. Тодорхой сургуулийн асуудал яригдана. Төрөөс тавьсан шаардлага хангаагүй сургуулийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна” гэлээ.

Тэрээр, дийлэнх оюутнууд Улаанбаатар хотод суралцаж байгаа. Тиймээс орон нутгийн их, дээд сургуулийг дэмжиж, суралцах сайн орчин бүрдүүлэх механизмыг судалж байгааг мөн хэллээ. Мөн тэрээр цаашид ЕБС-ийн сурагчдын багшийн мэргэжлээр цаашид суралцах сонирхлыг нэмэгдүүлэх үүднээс багш нарын ажиллах орчныг сайруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг онцлов.


“Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун  үг хэлэв. Тэрбээр, өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс их, дээд сургуулийн боловсролын асуудлыг зах зээлийн жамд даатган зөнд нь хаясны уршгаар жилд нийт төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болж байна гэсэн судалгаа байна. Энэ нь жилдээ 90 гаруй их, дээд сургуулийн 30 гаруй мянган төгсөгчдийн тоотой харьцуулахад чамлалтай үзүүлэлт. Иймд их дээд сургуулийн сургалтын чанарын асуудалд төрийн чанд хатуу бодлого баримталж,  олон улсын жишгийг дагаж хүн амын тоондоо харьцуулан их, дээд сургуулийг тоог хязгаарлах,  сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байна гэж байлаа.

Холбоотой мэдээ