Казак иргэд Наурыз баяраа өргөн тэмдэглэж байна

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-03-22 21:15:14

Дархан-Уул аймгийн Казак иргэд үндэснийхээ “Наурыз” баярыг өргөн тэмдэглэж байна. Дархан хотын  Казак иргэдийн Наурызийн баярт зориулсан баярын хурал болж тус хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Конперанция оролцогсдод баярын мэнд дэвшүүлж ажил үйлсээрээ шалгарсан шилдэг тэргүүний хүмүүст аймаг, сумын шагналыг гардуулав.

Үүнд аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдэгээр дөрөв, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр гурав, Засаг даргын жуухаар хоёр, Дархан сумын Засаг даргын жуух бичгээр нэг хүнийг шагнасныг гардуулж баяр хүргэлээ. Дархан-Уул аймгийн хүн амын гурав орчим хувийг Казак үндэстэн эзэлдгээс Шарын гол суманд 330 гаруй өрх, Хонгор суманд 200, Дархан, Орхон суманд тодорхой тооны өрх оршин суудаг байна.

Дархан-Уул аймаг дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Комперанция:-“Наурыз баяр маань сайхан өргөн дэлгэр болж байна. Наурыз баяр нь өдөр, шөнө хоёр тэнцдэг гурав­дугаар сарын 22-ныг шинэ он гарч хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг. Наурыз баярын хүрээнд аймгийн хэмжээнд энэ сарын 18-нд үндэсний бөхийн барилдаан болсон бол сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Манай Казак түмэн Наурызын баяраар "көже” хэмээх идээгээ бэлтгэж ах дүү, хамаатан садан, айл хотлоороо бие биеэ дайлж баярладаг заншилтай. Наурызын баярын ширээ идээ будаагаар дүүрэн, хэдий чинээ тансаг байна тэр жилийн амьдрал төдий чинээ өнгөлөг, ажил үйлс өөдрөг байдаг хэмээн үздэг нь Монголчууд цагаан сараар аль болох том сүүлтэй ууц тавих гэдэгтэй төстэй мэт. Наурыз буюу “Хаврын баяр”ыг тэмдэглэж ирсэн түүхийн тухайд Монголчуудын цагаан сартай нэгэн адил замналыг туулсан гэж хэлж болох юм. Наурызыг 1926 оноос хориглосон гэх боловч 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэдэг байлаа. 1990 оны ардчиллын уур амьсгалаар үндэсний ёс заншил сэргэснээр өргөн дэлгэр тэмдэглэх болж төр засгаас анхаарал хандуулж өндөр ач холбогдол өгч төрийн өндөрлөгүүд мэндчилгээ дэвшүүлж шилдэг тэргүүний иргэдийг шагнаж урамшуулдаг, бас хөдөлмөрийн хуулиар амардаг болсон нь үндэсний цөөнх хэмээн нэрлэгддэг  Казак иргэдээ хүндэлдэгийн жишээ юм” гэв. 

Наурыз баярыг Дархан сумаас гадна Шарын гол суманд өргөн тэмдэглэж байгаа бол Хонгор суманд нэг насны морь уралдуулж үндэсний бөхийн барилдаан болж  байна. Дархан-Уул аймгийн Казак иргэдийн шүтдэг Мусальман шашны сум Хонгор сумын төвд байдаг.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ