Сав газрын зөвлөлд Дундговиос 15 хүн гишүүнээр сонгогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-22 21:13:35

2014 оны нэгдүгээр сараас Говьсүмбэр аймагт байршин үйл ажиллагаагаа эхэлсэн Умард говийн гүвээт- Халхын дундад талын сав газрын захиргааны дэргэд Сав газрын зөвлөл байгуулагдсан байна. Өчигдөр Говьсүмбэр аймагт зөвлөлийн анхны хурал хуралдсан бөгөөд зөвлөлийн даргаар Мандалговь хотын захирагчийн албаны инженер Р. Энхмааг сонгосон байна. Уг зөвлөл 45 гишүүнтэй ажиллах бөгөөд 15 нь Дундговь аймгаас сонгогджээ.

Умард говийн гүвээт-Халхын дундаж газрын сав газарт 8 аймгийн 59 сум, Улаанбаатар хотын нэг дүүргийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгүүд хамрагддаг. Дундговь аймгийн хувьд Онги голын сав газраас бусад бүх нутаг дэвсгэр багтаж байгаа бөгөөд энэ сав газарт хамрагдах нутаг дэвсгэрийн ихэнхийг эзэлж байгаагийн хувьд Сав газрын зөвлөлд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ийнхүү сонгогдсон байна. Зөвлөлийн гишүүд малчин, Төрийн болон Төрийн бус байгууллагын ажилтан, байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч, усны хангамж үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдлага зэрэг тал талын төлөөлөлөөс бүрджээ.

Сав газрын зөвлөл БОНХАЖ- ын сайдын тушаалаар баталсан журмын дагуу Усны тухай хуульд заасан үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлж ажиллах юм байна. Тодруулбал, сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд олон нийтийн саналыг авч, төлөвлөгөө гарган сав газрын захиргаанд хүргүүлэх бөгөөд үүний хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж, олон нийтэд мэдээлнэ. Сав газрын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхүйц, олон нийтийн эрх ашигтай зөрчилдсөн ус ашиглахтай холбоотой сав газрын дүгнэлтийг хүчингүй болгуулах саналыг төрийн захиргааны төв байгууллагад тавих, усны хэрэглээ, ашиглалтын байдалд хяналт тавьж, сав газрын хэмжээнд шаардлагатай гэж үзсэн газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг арав гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах юм байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ