Хар тамхитай тэмцэх газар "Сургалт мэдээллийн танхим"-тай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-11 19:31:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/ хамтран ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дэргэд “Сургалт, мэдээллийн танхим”-тай болов.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгуулсан дээрх танхим нь хар тамхины хэрэгт холбогдох, донтохоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгаа хийх юм. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдсэн, суллагдсан иргэдэд нөлөөллийн сургалт явуулах аж.

Тус танхимд бүх төрлийн мансууруулах бодисыг бодитоор үзүүлэх бөгөөд түүнээс гарах сөрөг үр дагаврыг таниулах юм байна.



Танхимын нээлтэд, ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал болон бусад албаныхан оролцов.

Он гарсаар, Хар тамхитай тэмцэх газар 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн 80 гаруй хувь нь 18-35 насны залуус байна.

Холбоотой мэдээ