"Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу" өдөрлөг зохион байгуулж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-11 15:11:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэг, аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулж байна.

"Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу" нэртэй тус өдөрлөгийг Эрүүл мэндийн яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд "Осол гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030" салбар дундын чуулганыг угтан зохион байгуулсан байна.

Өдөрлөгийг улс даяар явуулж байгаа. 2017 онд манай аймагт 49 авто ослын тохиолдол бүртгэгдэж үүний улмаас дөрвөн хүүхэд нас барсан. Харин өнгөрсөн онд 26 тохиолдол бүртгэгдэж хоёр хүүхэд амь насаа алдсан байгаа. Осолд 10-14 насны хүүхдүүд голдуу өртөж байна. Тийм учраас манай салбарын ажилтнууд  өнөөдөр гартаа осол, гэмтлийн эсрэг уриалга, анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж Өлгий хотын ачаалал ихтэй зам, уулзваруудад зогсон алаг үрсээ хамгаалахыг замын хөдөлгөөнд оролцогчдод уриалж байна" хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл хэллээ.

"Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу" өдөрлөг өнөөдөр бүтэн өдрийн турш үргэлжилнэ.

Холбоотой мэдээ