Хориг тогтоож буй улс орнуудын төлөвлөгөөг таслан зогсоохыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-11 12:17:07

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын ард түмнийг хяхаж хавчихын тулд хориг арга хэмжээ хэрэглэж буй дайсагнасан хүчнүүдийн төлөвлөгөөг таслан зогсоохыг тус улсын удирдагч Ким Жөн Ун уриалжээ.


БНСУ-ын “Yonhap” агентлагийн мэдээлснээр, тэрбээр ийм мэдэгдлийг Пёньян хотод дөрөвдүгээр сарын 10-нд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдсэн хуралдааны үеэр хийсэн байна.


“Хориг арга хэмжээ авч, биднийг бууж өгөхөөс аргагүйд хүргэнэ гэж эндүүрч байгаа дайсагнасан хүчнүүдийг бут ниргэх цохилт өгөх ёстой” гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжлав. Тэрбээр цааш мэдэгдэхдээ, ийм үйл ажиллагаа нь "Засгийн газрын баримталж буй өөрсдийн хүчинд тулгуурлах бодлогыг зөв гэдгийг баталгаажуулах" бөгөөд ингэснээр үндэсний эдийн засаг өөрийн технологи, нөөцөд тулгуурлан бие даана гэжээ.


Мөн тэрбээр, “бие даасан үндэсний эдийн засаг нь социализмыг хөгжүүлэх болон хувьсгалын ирээдүйг тодорхойлох үндэс суурь юм” гэж цохон тэмдэглэжээ.


Олон улсын хориг арга хэмжээний улмаас БНАСАУ түүхэндээ эдийн засгийн хамгийн хүнд үетэй тулгарсан гэж тус улсын төрийн хэвлэл болох “Rodong Sinmun” сонинд урьд нь мэдээлжээ. Үүний сацуу, тус сонинд оюун санааны хүчээ нэгтгэж, гадаад хүчнүүдийн дарамт шахалтын өмнө бууж өгөхгүй байхыг ард иргэддээ уриалсан байна.


АНУ-БНАСАУ-ын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод хоёрдугаар сарын 27-28-нд болсон билээ. Уулзалтын дүнд талууд тохиролцоонд хүрч чадаагүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар хэд хэдэн удаа уулзаж, ганцаарчилсан хэлэлцээ хийсэн боловч хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй билээ.


Холбоотой мэдээ