Бүтэн өнчин 15 суралцагчид тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-10 10:37:49

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит бүтэн өнчин суралцагчид олгодог тэтгэлгийг 2018-2019 оны хичээлийн жилд үргэлжлүүлж сурч байгаа болон шинээр гэрээ байгуулсан нийт 15 суралцагчид 15.0 сая төгрөгийг олголоо. Энэ тэтгэлгийг бүтэн өнчин, орон нутагт эрэлттэй мэргэжлээр сурч байгаа, сурлагын голч дүн нь 3-аас дээш байх гэсэн шаардлагуудыг хангасан оюутнуудад олгодог байна.

Орон нутагт эрэлттэй мэргэжлийг тэтгэлэг олгох журамд ус, дулаан, автозамын зэрэг долоон чиглэлээр инженерийн мэргэжил эзэмшиж байгаа бол, дуу хөгжим, байгалийн ухааны багш, найруулагч, бүжигчин зэрэг соёлын чиглэлээр болон номын санч, хүний их эмч, сувилагч, бага эмч, эм зүйч зэрэг 16 төрлөөр заажээ.

Өнгөрсөн 2017-2018 оны хичээлийн жилд 15 суралцагчид 18.0 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна.  

Дээрх тэтгэлгийг аймгийн Засаг даргын 2017 оны а/594 дүгээр захирамжаар батлагдсан “Их дээд сургуульд суралцаж буй бүтэн өнчин суралцагчид аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу олгожээ. 

Холбоотой мэдээ