Химийн үйлдвэрт дэлбэрэлт болсонтой холбоотойгоор хэдэн мянган компанийг татан буулгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-09 13:18:56

БЭЭЖИН. /Global Times/. Хятадын Жянсу мужийн химийн үйлдвэрт болсон томоохон осол дахин давтагдахаас сэргийлэхийн тулд Хятадын Засгийн газар олон жижиг аж үйлдвэрүүдээ хааж, зарим аж ахуйн нэгжүүдийг илүү том үйлдвэрүүдэд нэгтгэж байна.


Эрх баригчид энэ оны 10 дугаар сар хүртэл улс даяар хэд хэдэн удаа хяналт шалгалт явуулах аж. Хятадын зах зээлийн зохицуулалтын удирдах газар ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэх санааг боловсруулжээ. “Global Times” сонины мэдээлснээр, Жянсу мужийн Засаг захиргаа одоогоор химийн үйлдвэрүүд байрлаж буй 30 орчим газрыг хаахаар төлөвлөж байгаа аж. Тоймчдын урьдчилан тооцоолж байгаагаар, энэ хэрэгтэй холбогдуулан эрх баригчид хэдэн мянган компанийг татан буулгаж магадгүй байна. 


Жянсу мужийн "Чэньзяган" аж үйлдвэрийн паркийн бүс дэх “Жянсу Тяньжин” химийн үйлдвэрт өнгөрсөн сарын 21-нд дэлбэрэлт болсны улмаас 78 хүн амиа алдсан юм. Дэлбэрэлт маш хүчтэй болсон бөгөөд тус газар орчимд 3.0 магнитудын хүчтэй чичирхийлэл бүртгэгджээ.

Холбоотой мэдээ