Мэргэжлийн ангиудыг чадавхжуулах хээрийн дадлага, сургууль болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-07 12:04:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран Ой хээрийн түймэр гарсан үед дайчлагдан ажиллах гамшгаас хамгаалах 4 сумын мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлын хангуулах хээрийн дадлага сургуулийг өнөөдөр хийв.

Монгол Улсын ойн тухай хуулинд жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой хээрийн түймэр гарах “түймрийн аюултай үе” гэж тодорхойлдог.  Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн давагдашгүй хүчийн зүйлийг хэрхэн даван туулах зэрэгт хэрхэн бэлтгэгдсэнийг дадлага хэлбэрээр зохион байгуулсан аж.

Дадлага сургуульд Дархан-Уул аймгийн 4 сум тус бүрийн 15, нийтдээ 60 гаруй иргэн хамрагдсан юм.

Дадлагын үеэр зохиомлоор гал түймэр үүсгэн, бодит практикт хээрийн түймэр унтраах дадлага, томилгоот бүрэлдэхүүний хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдал, гамшгийн үеийн нөөц бүрдүүлэлтийг шалган, заавар зөвлөмж өгчээ. Мөн ой хээрийн түймрийн үед ашигладаг багаж, техник тоног төхөөрөмжийн ажиллах зарчмыг газар дээр нь үзүүлэн таниулсан байна.

Жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр нь “түймрийн аюултай үе”-д тооцогддог. Энэ жилийн тухайд өвөл хур тунадас бага орсонтой холбоотойгоор хаврын хуурайшилт өндөр байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсан. Тиймээс аймгийн хэмжээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа нэг ажил нь энэ аж.

Энэ хүрээнд ой хээрийн бүсэд үйлдэх, амралт зугаалга аливаа үйл ажиллагааг 6 дугаар сарын 10-ныг хүртэл хориглон, 4 сум тус бүрт морин эргүүлийг ажиллуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ