Хэнтий аймаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 170 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-03 21:59:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ жил Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

/ГХУСАЗСЗ/-д 170 сая төгрөг төсөвлөгдсөн байна. Үүнээс сумдад 70 гаруй сая төгрөгийг хуваарилж, үлдсэнийг нь үйл ажиллагаандаа зарцуулахаар төлөвлөжээ.

ГХУСАЗСЗ нь 2018 онд 68 сая төгрөгийн төсвөөр есөн бүлэг 38 заалт бүхий ажлын төлөвлөгөө баталж, 100 хувь хэрэгжүүлжээ. Онцолбол, иргэдийн хууль ёсны эрх хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг аймгийн 88 багт хүрч иргэдэд хуулийн зөвлөгөө өгчээ. Мөн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор Хууль сахиулах их сургуулиар кримнологийн судалгаа хийлгэсэн аж.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, олон нийтийн хүчинд түшиглэх, иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ талаар зохион байгуулж байгаа ажилд оролцох, аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах зарчимд тулгуурлан ажилладаг байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд Хууль зүйн сайдаар, аймаг, нийслэл, сум, дүүрэгт ИТХ-ын даргаар толгойлуулсан зохицуулах зөвлөл зохион байгуулдаг юм.

Холбоотой мэдээ