ОХУ-ын доктор, профессор Тамара Викторовна Михайловаг Алтан гадас одонгоор шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректор, доктор, профессор Тамара Викторовна Михайловаг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд гардууллаа. Тамара Викторовна Михайлова нь ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректороор 1993 оноос хойш ажиллаж байгаа юм. Уг сургуулийг Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон арван мэргэжлийн боловсон хүчин сурч, төгссөн байна. Эдгээр нь Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд сурган хүмүүжүүлэх, оюуны болон шинжлэх ухааны үнэт зүйл болж буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цохон тэмдэглэв.
Мөн шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Тамара Викторовна Михайловаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол улсаас жүдо бөх, теннис, хөнгөн атлетик, чөлөөт бөхийн төрлөөр оюутан сургах асуудлыг шийдвэрлэхэд анхаарах, жүдо, бокс, чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, теннис, таеквондо, байт харвааны спортын дасгалжуулагчдыг богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, өсвөр үе, залуучуудад олимпын боловсрол олгоход хоёр орны олимпын академиуд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2020 онд Улаанбаатар хотноо болох “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадамд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.