АНУ “Бүс ба зам”-ын чуулга уулзалтад төлөөлөгчдөө илгээхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-03 11:33:09

ВАШИНГТОН. /TASS/. БНХАУ-д болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад АНУ өндөр албан тушаалын төлөөлөгчдөө илгээх бодолгүй байна. “Бүс ба зам” санаачилгын санхүүжилттэй холбоотой асуудлын улмаас ийм шийдвэр гаргах төлөвтэй байгаа тухай Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.

 

“Бид өндөр дээд албан тушаалтнуудаа явуулах бодолгүй байна. Тус санаачилгын ил тод бус арга барил, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, стандартыг үл ойшоож буйтай холбоотой асуудалд бид санаа зовниж байгаагаа илэрхийлсээр байх болно. Энэ асуудлуудаа шийдэхийг БНХАУ-д АНУ нэг бус удаа уриалсан” хэмээн тэрбээр хэлсэн байна.


2013 оны 9 дүгээр сард дэвшүүлсэн БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга нь “Торгоны замын эдийн засгийн бүслүүр” болон “XXI зууны Тэнгисийн торгоны зам” төслүүдийг нэгтгэдэг юм. Ази Европыг холбосон тээврийн маршрутад байрладаг улс орнуудтай хамтран ажиллах талаар хоёр талт санамж бичиг байгуулахыг энэхүү санаачилгад тусгажээ.

 

“Бүс ба зам”-ын анхны чуулга уулзалт 2017 оны 5 дугаар сард Бээжин хотод болжээ. Энэ чуулга уулзалтад 29 орны төр засгийн, тэргүүн болон олон улсын томоохон байгууллагуудын удирдагчид оролцсон юм. “Бүс ба зам”-ын хоёр дахь чуулга уулзалт Бээжин хотод энэ сарын сүүлчээр болох юм.

 

Холбоотой мэдээ