Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүг хил давуулахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-02 18:27:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь боомтын албан хаагчид их хэмжээний дэрэвгэр жиргэрүүгийн үндэс хууль бусаар хил давуулах гэж байсан эрүүгийн шинжтэй зөрчлийг илрүүлжээ.


Тодруулбал, өчигдөр тус боомтоор хил давах гэж байсан Монгол Улсын иргэн Э-гийн "84-73 УБЛ" улсын дугаартай "Норд бенз" маркийн автомашины чиргүүлд ачсан нүүрсэн доор 45 шуудай бүхий 1.3 тонн дэрэвгэр жиргэрүү нуусан байжээ.  



БОАЖ-ийн сайдын тушаалаар дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван жилийн хугацаагаар хориглосон билээ. 


Энэ ургамал нь Монгол Улсын нэн ховор ургамлын жагсаалтад багтсан бөгөөд устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан эл шийдвэрийг гаргажээ. 


Энэ ургамлын үндэс алкалоид 0.08 хувь хүртэл, флавонт гликозид, сапонин харин навч, ишинд нь кумарин, флавоноид агуулдаг. Үрэнд нь эфирийн тос 0.05мл /100гр хүртэл агуулагддаг. Үндэс нь дорнын уламжлалт эмчилгээний эмийн гол түүхий эд болдог тул БНХАУ, БНСУ-д эрэлттэй байдаг юм байна. Мөн энэхүү ургамал ганд тэсвэртэй ургамал тул цөлжилтөөс хамгаалах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй байдаг аж.

Холбоотой мэдээ