“Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх”-ийн талаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-02 14:19:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Эмэгтэйчүүдийн хороо, Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбоотой хамтран “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” сургалтыг Чингис хотод зохион байгууллаа.

Сургалтад тус аймгийн ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагын анхан шатны хороо, ҮЭ-ийн Эмэгтэйчүүдийн хороо, хэсгийн дарга, идэвхтэн сонгуультнуудын 24 байгууллагын 41 хүн хамран оролцлоо.

Сургалтаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалаг “Эмэгтэйчүүдийн хорооны үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилт”, “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт”, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг “Төрийн албан хаагчдын эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилт, төрийн албаны тухай хуулийн шинэчлэл” сэдвээр мэдээлэл өглөө.

Мөн МААХ-ын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг өөрийн харъяа байгууллага Хүнс хөдөө аж ахуйн газар, Хан хэнтий чуулга, Номын сангийн 60 гаруй албан хаагчтай уулзаж төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хийж, тэдний санал бодлыг сонсон, сонирхсон асуултад хариуллаа.

Энэ үеэр аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Эмэгтэйчүүдийн хорооноос зохион байгуулж буй ажлын талаар болон МСҮТ-ийн ҮЭ-ийн хорооны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Алтанзул, Биеийн Тамир Спортын газар ҮЭ-ийн хорооны эмэгтэйчүүдийн хорооны дарга Г.Солонго, Хэрлэн сумын гуравдугаар цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Энхчимэг нар байгууллагын ҮЭ-ийн хорооноос эмэгтэйчүүдийн талаар зохион байгуулсан ажлуудыг бусад сургалтад оролцсон хүмүүст танилцуулав.

Сургалтын төгсгөлд оролцогчид дөрвөн бүлэг болон хэсгээр дасгал ажиллаж, жендэр ба эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, ойрын хугацаанд хийх ажлаа тодорхойллоо.

Холбоотой мэдээ