Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн ээлжит хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-30 09:05:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу баасан гарагт /2019.03.29/ Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны гишүүдийн хурал “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд зохион байгуулж, хурлаар олон асуудал хэлэлцэн батлав.


Энэхүү хурлаар МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батласан юм. МҮОХ-ны гишүүн холбоогоор Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо болон Монголын бобслей скелетоны холбоог гишүүнээр элсүүлэв.


Мөн зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлэхээр танилцуулж батлав. Энэхүү хурлаар 2018 оны үйл ажиллагааны товч мэдээлэл хийсэн юм.


Тодруулбал, 2018 онд Монголын баг тамирчид олимпын наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, олимпийн аварга төрсний 10 жилийн түүхэн ой тохиосон онцлох жил байсан билээ. Өнгөрсөн онд МҮОХ-ноос Олимпийн боловсрол, сургалт сурталчилгааг онцолж, эрчимтэй хөгжүүлэхийг зорин ажиллажээ. Мөн 2018 онд удирдлага-зохион байгуулалт, олимпийн боловсрол, сургалт сурталчилгаа, спорт холбоодын хамтын ажиллагаа, гадаад харилцаа, наадмууд болон ОУОХ-ны эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд гэсэн 6 үндсэн чиглэлийн хүрээнд 60 ажил төлөвлөснөөс 58-ийг нь буюу 96,6 хувийг нь бүрэн хэрэгжүүлж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна.


Өнгөрсөн 2018 онд "Пёнчан-2018" өвлийн XXIII олимпын наадам, "Жакарта-Палембан - 2018" Азийн XVIII наадам, "Буэнос-Айрес -2018" Залуучуудын III олимпын наадам зэрэг олон улсын томоохон наадмууд хуваарийн дагуу болж, МҮОХ-ноос баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцов. МҮОХ нь гишүүн спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, арга зүйн зөвлөмжөөр хангахыг эрхэмлэж, ОУОХ-ны хөтөлбөрийн дагуу олон улсын дасгалжуулагчийн курсийг чөлөөт бөх, байт харваа, буудлага, гандбол, рагбигийн холбоодтой хамтран зохион байгуулсан байна.


Өсвөр үеийнхэнд олимпын соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол ба хүмүүжлийг эзэмшүүлэх, үүгээр дамжуулан бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, авьяас, чадварыг нь нээн илрүүлэх, биеийн тамирын багш нарын идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд МҮОХ болон Монголын үндэсний олимпын академи /МҮОА/-аас хамтран "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарлаж, 350 гаруй сургууль хамрагдсан байна.


Энэхүү хурлаар МҮОХ-ны Маркетинг хариуцсан нарийн бичиг А.Ундрал 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг танилцуулж, гишүүд хэлэлцэн батласан байна. МҮОХ нь 2019 онд удирдлага зохион байгуулалт, олимпийн боловсрол, спорт холбоод, гадаад харилцаа, наадмууд, ОУОХ-ны эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, санхүү аж ахуйн 7 үндсэн чиглэлийн 40 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлөөс мэдээлэл танилцууллаа. Тодруулбал, Хянан шалгах зөвлөлийн дарга Ж.Баянцагаан, нарийн бичгийн дарга Б.Баттүшиг нар МҮОХ-ны үйл ажиллагаа, санхүүгийн хяналтыг хийсэн мэдээлэл, зөвлөмжүүдийг танилцуулав.


Мөн энэ хурлаар МҮОХ-ны Дүрмийн 5.1.1, 5.1.2-р заалтыг үндэслэн Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо болон Монголын бобслей скелетоны холбоог гишүүнээр элсүүлэхийг гишүүд дэмжин баталлаа. Ийнхүү бүх гишүүдийн хурлаар шинээр 2 холбоо элсэж, Монголын үндэсний олимпийн хороонд нийт 75 холбоод гишүүнчлэлтэй болсон байна.


МҮОХ-ны зарим гишүүн спортын холбоодын хүсэлтийг үндэслэн зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгосон юм. Мөн шинээр хүмүүсийг гишүүнээр батлан элсүүлсэн юм. Тодруулбал, Э.Нандинзүрх /Монголын  боулингийн холбоо/, З.Энхболд /Монголын теннисний холбоо/, Ж.Батжаргал - /Монголын теннисний холбоо/, А.Ундраа /Монголын Даамын холбоо/, Ц.Цэвэрбал, Б.Дамба, С.Тулга /гурвуулаа Монголын сагсан бөмбөгийн холбоо/, Г.Батсайхан, Ж.Оджаргал /хоёулаа Монголын Усан спорт сонирхогчдын холбоо/, Б.Онон, Н.Эрдэнэбаатар /хоёулаа Монголын Таэквондогийн холбоо/, Б.Солонго /Монголын Бадминтон сонирхогчдын холбоо/,    Ш.Батбаяр, Д.Цогтбаатар / хоёулаа Монголын эмнэг сургагч, булгиулалтын холбоо/, Б.Буянтогтох /Говь-Сүмбэр аймгийн "Антверпин" олимпийн зөвлөл/,  Д.Мөнхбаяр /Налайх дүүргийн "Лиллихаммер" олимпийн зөвлөл/, М.Сарантуяа /Монголын Кэндогийн холбоо/ нар гишүүнээр элслээ.

Холбоотой мэдээ