Наурызын баяр тэмдэглэж буй бүх орны ард иргэдэд баяр хүргэв

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-03-22 09:29:40

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хаврын баяр буюу Наурызын баярыг тэмдэглэж буй бүх орны оршин суугчдад даваа гарагт баяр хүргэжээ. Наурыз бол “дэлхийн соёлын өвийн нэг хэсэг юм” гэж НҮБ-ийн тэргүүн баярын хурлын үеэр хэлээд энэ баяр нь НҮБ-ын зарчимд нийцдэг гэж мэдэгдсэн байна.

“Наурыз бол өнөөдөр бий болсон хил хязгаар, санал зөрчилдөөнөөс хамаагүй эрт үүссэн баяр юм. Бид бүгдээрээ хүмүүс учраас улсын орнуудын хил хязгаар, шашин шүтлэг болон бусад өнгөн талын ялгаатай байдал нь тийм ч чухал биш ээ. Энэ утгаараа Наурузын баяр нь саад бэрхшээлийг устгаж, итгэлцлийн хэлхээг бий болгодог” гэж Бан Ги Мүн хэлжээ. Түүний хэлснээр, эв нэгдэл, найрсаг харилцаа, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй хандах зэрэг үнэт зүйлсийг таниулан сурталчилдаг учраас НҮБ энэ баярыг бахархалтайгаар тэмдэглэдэг.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг НҮБ нэгдүгээр сард эхлүүлснийг, мөн Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд гарын үсэг зурахаар бэлдэж байгааг Бан Ги Мүн дурдаад, илүү шударга, тогтвортой, аюулгүй ертөнцөд хүрэх замаар шинэ эрч хүчээр алхахын тулд Наурызын баяраас “урам зориг авахыг” уриалсан байна.

“Наурыз” гэдэг үгийг перс хэлнээс орчуулбал “Шинэ өдөр” гэсэн утгатай ажээ. Энэ үгийн бичлэг болон дуудлага нь орон орноос хамаарч “Навруз”, “Ноуруз”, “Нуруз”, “Невруз”, “Наурыз”, “Нооруз” хэмээн өөр өөр байдаг байна. 2009 онд уг баярыг Иран улсаас гаралтай баярын хувиар ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан бол 2010 он НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Олон улсын өдөр болгон зарласнаар дэлхийн статустай болжээ. Үүнээс хойш НҮБ-ын төв байранд жил бүр баярын хурал зохион байгуулдаг болсон байна.

“Шинэ өдөр”-ийг Азербайжан, Афганистан, Албани, Гүрж, Энэтхэгт, Иракийн Курдистан, Иран, Казахстан, Киргиз, Македон, Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон, Тажикистан, Турк, Узбекистанд тэмдэглэдэг. ОХУ-д Татарстан, Башкир, Дагестан болон бусад бүс нутагт тэмдэглэдэг байна. Нийтдээ Наурызын баярыг дэлхий даяар 300 сая хүн тэмдэглэдэг ажээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ