Сурагчдын улирлын амралтыг долоо хоногоор наашлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-03-29 16:17:21

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газар сурагчдын энэ хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралтын хугацааг долоо хоногоор наашлуулж, ирэх сарын 08-нд хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлэхээр шийдвэрлэлээ.

            БСШУС-ын сайдын тушаалаар аймаг, сум, тосгон, багийн сурагчдын гуравдугаар улирлын амралтыг гурван долоо хоног байхаар заасан ч хичээлийн жилийн бүтцэд газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамаарч тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болохоор заасныг үндэслэн хичээл сургалтын  хугацаанд зохицуулалт хийсэн байна.

          БСШУС-ын сайдын тушаалаар аймаг орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан хичээл, сургалтын хугацааг нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 04-нийг хүртэл түр хугацаагаар зогсоосон.

Дээрх хугацааны тасарсан сургалтыг энэ хичээлийн жилд багтаан нөхөн судлуулахыг үүрэг болгосон. Өнгөрсөн улирлын амралтын хугацаа нэг долоо хоногоор нэмэгдэж, хичээл сургалтын үйл ажиллагааны агуулгын хоцрогдол гарах, анги дэвших болон элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл тасрах нөхцөл үүсэх сөрөг нөлөөлөл  байгаа юм.

Тиймээс сурагчдын амралтын хугацааг өөрчлөн зохицуулалт хийлээ гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Түвшинмөнх ярив. 

Холбоотой мэдээ