Эпилепси өвчинд 20-иос доош насныхан өртдөг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2016-03-21 15:28:37

“Олон улсын Эпилепсийн өдөр”-т зориулж Монголын Неврологийн нийгэмлэгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран хоёр дахь жилдээ “Эмч-Өвчтөн-Гэр бүлд зориулсан уулзалт”-ыг энэ сарын 26-нд Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэгт зохион байгуулах аж.  

Эпилепси өвчин нь ухаан алдалт, уналт таталтын үечилсэн хөдлөл, зан сэтгэцийн даамжрах өөрчлөлтөөр илэрдэг мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэгийн нэг бөгөөд дэлхийн хүн амын нэг хувийг эзэлдэг байна. Энэ өвчин нь хүйс, арьс өнгөний ялгаа, хүний боловсролын түвшин, газар орон нутгаас хамаардаггүй бөгөөд 1000 хүн тутамд 5-7 илэрдэг, үүний 70-80 хувь нь 20 наснаас доош хүн амыг хамардаг гэсэн судалгаа байдаг аж. 

Эпилепсийн нийгмийн үр дагавар нь хүн амын дунд өргөн тархсан алсын хүндрэл үүсэх эрсдэлтэй, эмчилгээний үр дүн 20-25 хувьд хангалтгүй зэрэг онцлогоор тайлбарлагддаг аж. Эпилепси үүсэх шалтгаанд удамшил, цус ойртолт, ихэр-хүндрэлтэй төрөлт, дутуу-хүндрэлтэй төрөлт, гавал тархины гэмтэл, гавлын доторхи халдварууд, тархины судасны өвчнүүд зэрэг ордог.

Анх 2008 онд Кассиди Меган /Cassidy Megan/ гэдэг 8 настай, эпилепситэй охины санаачлагаар гуравдугаар сарын 26-нд энэ өдрийг дэлхийн нийтээр тэмдэглэж эхэлжээ. Тус өдрийг дэлхийн хэмжээнд Purple Day буюу "Нил ягаан өдөр" хэмээх нэрийдэж, эмнэлэг, сургууль, албан байгууллага болон Холливудын одод, улс төрчид нил ягаан өнгийн хувцас өмсдөг байна. Ингэснээр эпилепситэй хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих, дэлхийн ард түмэн тэдэнтэй хамт гэдэг агуулгыг илэрхийлдэг аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны зөвлөх эмч Н.Ууганцэцэг “Энэ арга хэмжээгээр бид эпилепсийн талаарх нийтлэг ойлголтыг түгээх, тэдний сурч хөгжих, мөн ажил эрхлэх боломжийг бүрдүүлэхэд олон нийтийн болон шийдвэр гаргагчдын анхаархлыг хандуулахыг зорьж байна” гэсэн юм.

С.Сайнзаяа

 

 

Холбоотой мэдээ